УОК-ын шуурхай штаб: Сөүл, Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэнэ

 УОК-ын шуурхай штаб: Сөүл, Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэнэ

Улсын онцгой комиссийн Шуурхай штаб мэдээлэл хийлээ. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа, УОК-ийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаярын хэлснээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл, тавдугаар сарын 2-нд Франкфурт руу МИАТ-ийн тусгай үүргийн онгоц нисгэхээр шийдвэрлэжээ. Тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчдод тодорхой шаардлагуудыг өмнө нь тавьж байсан. Энэ удаад ч мөн дээрх шаардлагууд тавигдах бөгөөд нэмж онгоцонд суухаас өмнө 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх ёстой юм.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМДАД ШИНЭЭР БҮРТГЭЛ ХИЙХГҮЙ

ГХЯ-ын Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: 35 улсаас 9412 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байна. Эхний нислэг дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл рүү ниснэ. Аль болох олон иргэдээ гадаадаас авчрах үүднээс тавдугаар сарын 2-нд Франкфурт руу ниснэ. Бид өмнө нь Элчин сайдын яам дээр гаргасан хүсэлтийнх нь дагуу бүртгэсэн мэдээлэл тулгуурлан иргэдийг авчирч байсан. Элчин сайдын яамдад шинээр бүртгэл хийхгүй. 9412 иргэнийг УОК тавьж буй шаардлагын дагуу хүндэтгэн үзэж шалтгаанаар нь ангилсан. Энэ мэдээлэл дээрээ үндэслэн нэрсээ эцэслэнэ. Үүнд, транзит зорчигчид ч орно. Транзит зорчигчийг ХӨСҮТ тусгаарлаж байгаа тул эмнэлгийн нөөц бололцоондоо тулгуурлаж хэчнээн иргэнийг авах бэ гэдгээ шийднэ. Нийтдээ 500 орчим иргэнийг авна. Дараагийн нислэгийг тусгаарлах байр, эмнэлгийн нөөц бололцоог харгалзан үзсэний үндсэн дээр шийднэ.

Үүний зэрэгцээ, ирэх тавдугаар сард ард иргэдийг хамруулсан коронавирустэй тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх, дадлага сургуулилтыг хийхээр болсон байна. Дадлага сургуулилтыг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах ажээ. Ингэхдээ ард иргэдийг гэртээ гэрийн дэглэм хэрхэн сахих чиглэлд сургуулилт зохион байгуулна гэлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс зарим зүйлийг тодрууллаа.

-БНСУ, ХБНГУ-ын Франкфурт хот руу үйлдэх тусгай үүргийн онгоцонд ирэх хүсэлтэй иргэдийг ямар шалгуураар бүртгэж, нислэгт хамруулах бол?

-Улсын онцгой комиссын даргын өгсөн чиглэлийн дагуу дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл хот руу, тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэдгийг мэдэгдлээ. Энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр ирэх хүмүүсийг хэрхэн бүртгэж, нэрсийг баталгаажуулах вэ гэдэг горимыг сая маш тодорхой танилцууллаа. Одоогоор бүртгүүлсэн байгаа иргэдийнхээ жагсаалтад тулгуурлан Улсын онцгой комиссоос тавьж буй хүндэтгэн үзэх шалтгаанаас шигшиж, тусгай үүргийн нислэгт хамруулна. Бид зөвхөн Германд байгаа иргэдээ авах гэж байгаа юм биш. Европт байгаа 2400 гаруй хүний хүсэлтээс хүндэтгэн үзэх шалтгаанаар Европын өнцөг булан бүрээс ирэх боломжийг олгох үүднээс олон улсын транзит заалттай Франкфурт хотын томоохон нисэх буудлыг сонгосон. Хоёрдугаарт, Элчин сайдын яамдад хийгдэж буй бүртгэлд нутаг буцах хүсэлтэй зөвхөн Монгол Улсын иргэнийг бүртгэж байгаа.

-БНСУ-аас ирж буй хүмүүс тухайн улсдаа шинжилгээнд хамрагдах боломжтой байгаа. Харин Европын улс орнуудаас ирж буй иргэдэд ийм боломж бий болов уу?

-Эрүүл мэндийн яамнаас өгсөн энэ зөвлөмж, шаардлагыг бүхий л Элчин сайдын яам, тусгай үүргийн нислэгээр ирэх хүсэлтэй зорчигчдод тавина. Чех, Унгар, Австрали, Энэтхэг ч бай бид тусгай үүргийн нислэг үйлдэх боломжуудыг судалж, хийсэн зүйл бий. Гэхдээ энэ судалгаа мэдээллийг Улсын онцгой комисст танилцуулж, өгсөн үүрэг, шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоцоор нислэг үйлдэж байгаа. Өмнө нь Гадаад харилцааны сайд яриандаа “МИАТ” компанийн нислэг үйлдэж болох хотуудаас иргэдээ татан авах чартер нислэгийг үйлдэх зарчим баримталж байгаа гэдгийг мэдэгдсэн.

-Энэ удаагийн хоёр тусгай үүргийн онгоцоор эх орондоо буцах хүсэлтэй гадаад иргэдийг авч явах уу?

Гадаад улс руу явж буй тусгай үүргийн нислэгүүдэд Улаанбаатараас эх орондоо буцах хүсэлтэй гадаадын иргэдэд боломж олгохыг зорьдог. Бид өнөөдөр тусгай үүргийн нислэг үйлдэх болсон гэдгээ Германы Элчин сайдын яаманд мэдэгдсэн. Ингэснээр Герман болон Европын холбооны гишүүн бусад улсын иргэдэд боломжийг олгоно. Одоогоор хэчнээн хүн эх орон руугаа буцах талаар эцэслэгдсэн тоо гараагүй байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн