Интермед эмнэлгийн өвчтөнд түргэвчилсэн оношлуулаар Коронавирус илэрчээ

 Интермед эмнэлгийн өвчтөнд түргэвчилсэн оношлуулаар Коронавирус илэрчээ

Эрүүл мэндийн яам covid-19 вирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийж байна.

Covid-19 дэлхийн 213 улсад бүртгэгдлээ. ОХУ-д 24 цагийн дотор 4000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 44 хүн нас барлаа. Буриадад өвчлөл 24 цагийн дотор 28 тохиолдлоор нэмэгдэж, нийт тохиолдол 153 боллоо. Өвчлөлийн өсөлт Москвагаас бусад хотод шилжиж, 2-3 долоо хоногт оргил үедээ хүрэх магадлалтай байна. Тус улсад өдөрт 7.7 сая маск үйлдвэрлэж, хүн бүрийг амны хаалт зүүхийг уриалж байна. Үүний зэрэгцээ, ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг хүн дээр туршиж эхэлж байгаа бөгөөд туршилтын хоёрдугаар үе шатыг эхлүүлсэн байгаа аж.

ЭМЯ-ны шуурхай утсанд ОХУ, Австрали улсаас гурван иргэн холбогдож, зөвлөгөө авлаа.

ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлах байранд 1228 иргэн байна. Нэгдүгээр сарын 9-өөс хойш 5155 иргэн тусгаарлагдан, тандалт судалгаанд хамрагдлаа. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэрийн тусгаарлалтад 1069 иргэн байна. Гэрийн тусгаарлалтаас 949 иргэн гарснаас 380 иргэн хөдөө орон нутаг руу явсан байна.

Онош батлагдсан иргэдэд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эмчилгээ, оношилгоог хийж байна. Уламжлалт анагаах ухааны эмч нартай мөн хамтран ажиллаж байна. Уушгины хатгалгааны үед монголын уламжлалт анагаах ухааны эм үр дүнгээ өгч байна.

Сонгуулийг явуулах үед коронавирусийн халдвараас сэргийлэх заавар зөвлөмжийг боловсруулж байна. Ингэхдээ ДЭМБ болон Солонгос улсын туршлагыг харгалзан үзэж байна.

Гадаадад онош батлагдсан иргэд утсаар байнга зөвлөгөө өгч байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд нийт 341 хүний шинжилгээ хийсэн. Тандалтын зорилгоор цуглуулсан 11 сорьцод коронавирус илрээгүй. 11 сорьцыг БГД болон Хан-Уул дүүргээс цуглуулсан. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй.  ХӨСҮТ-д өнөөдөр 154 хүний эмчилгээ хийгдэж байна.

Өнөөдөр өглөө 05.00 цагт Интермед эмнэлгээс нэг сорьц авчирсан бөгөөд PCR шинжилгээ хийгдэж байна. Тухайн иргэн нь 69 настай амьсгал нь бачуурсан, хоёр уушгиндаа хатгаатай биеийн байдал нь хүнд гэсэн шинж тэмдэгтэй тус эмнэлэгт эмчлүүлж байсан аж. Тухайн иргэн өндөр халуурсан тул Интермед эмнэлгийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуураар оношилж үзэхэд шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймээс ХӨСҮТ PCR шинжилгээг яг одоо хийж байна. Үдээс хойш шинжилгээний хариу гарна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн