Н.Өнөрцэцэг: Ч.Чинбат хурандаа миний эрхэнд халдчихаад, өөрөө цагдаа дуудсан байсан

 Н.Өнөрцэцэг: Ч.Чинбат хурандаа миний эрхэнд халдчихаад, өөрөө цагдаа дуудсан байсан

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс өнөөдөр /2020.04.20/ сэтгүүлчдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, сэтгүүлч Н.Өнөрцэцэг, А.Баярмаа нар оролцлоо. Тэд хэвлэлийн бага хурлын үеэр байр сууриа илэрхийлсэн юм. 

Энэ үеэр Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.ӨНӨРЦЭЦЭГ “Энд хүрэлцэн ирсэн үзэг нэгт найз нартай баярлалаа. Бас МСНЭ-дээ баярлалаа. Төрийн хамгаалалттай байранд бид иргэний үнэмлэхээ үзүүлж ордог. Төрийн хамгаалалттай цагдаагийн байранд халдлагад өртсөндөө гомдолтой байна. Бас харамсаж байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн үед ЦЕГ-ын харьяа Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй хангах алба гэх байрны хоёр давхарт үйл явдал болсон. Тухайн өдөр сэтгүүлчийнхээ ажлыг хийгээгүй, хууль хяналтын байгууллагын үүдийг сахиж явсаар таарсан. Тэр өдөр 17:00 цагийн үед тус албаны Зөрчил хянан шийдвэрлэх арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбатын өрөөнд миний бие орсон. Өмнө нь тус газарт шалгагдаж байсан хэрэг дээр уулзаж байсан болохоор нэг нэгнээ танина.

Нэгдүгээрт, би өөрийн шалгагдаж байгаа хэрэг дээрээ мэдээлэл авсан. Хоёрдугаарт, ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн нэвтрүүлэгтэй холбоотой баримтыг би танд өгсөн, яасан бэ гэж асуусан. Хамгийн сонирхолтой нь, тэр хүн надаас ямар ч барим аваагүй гэж хэлсэн нь маргаан болох үндэслэл болсон юм. Би 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Д.Гэрэл даргатай холбоотой баримтаа өгсөн. Учир нь, генерал Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй шүүх хурал нөгөөдөр буюу лхагва гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тухайн баримт Д.Гэрэл даргын гар дээр очсон юм уу, цагдаагийн байгууллага нь ямар ч ажиллагаа явуулахгүй байгаа юм. Ч.Чинбат хурандаа миний эрхэнд халдчихаад, өөрөө цагдаа дуудсан байсан. Хүн бухимдаж болно, уурлаж болно. Дараа нь уучлалт гуйх болов уу гэсэн хүлээлт байсан. Гэтэл шууд цагдаад өгсөн нь энэ байгууллагын хандлагыг харуулж байна. Тиймээс би миний биед халдсан гэх үндэслэлээр цагдаад өргөдөл гаргасан. ЦЕГ-ын даргын тушаалаар энэ хэрэг дээр албаны шалгалт эхлүүлж байгаа юм байна. Бичлэгийг олон нийтэд харуулах эсэхийг мэдэхгүй, нотлох баримтдаа авах байх. Надад гар хүрч байгаа нь тодорхой харагдана. Баримт өөрөө ярьдаг, Н.Өнөрцэцэгт гар хүрсэн эсэхийг тухайн бичлэг тодорхой болгоод өгөх байх гэж бодож байна” гэж байр сууриа илэрхийллээ. 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.МАНДАХБАЯР “Сэтгүүлчдийг ажлаа хийж байхад нь эрх чөлөөнд нь халдах, ажлаа хийх боломжгүй болгох үйл явдал үеийн үед гарч ирсэн. Гэхдээ сүүлийн үед бол хэт зэрлэг, балмад шинжтэй болж ирлээ. Сэтгүүлчдийг хууль, хүчний байгууллагын зарим ажилтан өмнө нь загнадаг байсан бол одоо зоддог боллоо. Үүнийг хоёр хувь хүний асуудал гэж харж болохгүй. Энэ бол зөвхөн сэтгүүлчдийн ч асуудал биш. Энэ бол ардчилсан Монгол Улсын өөрсдийнх нь сонгосон замд маш том аюул учирч байгаа эрсдэл юм. Тиймээс МСНЭ-ээс өнгөрсөн долоо хоногт болсон тухайн үйл явдалтай холбоотой мэдэгдэл гаргасан. Хохирогч сэтгүүлчтэйгээ холбогдож, мэдээлэл авсан. Ганц хүн бусармаг үйл явдалд ганцаардах, хүчгүйдэх зүйл бий гэдэг нь харагдаж байна.

Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа гэдэг хоёр хүнд хууль хүчний байгууллагад ажилладаг, тодорхой хэмжээний албан тушаал хашдаг хүмүүс зүй бусаар харьцсан, биед нь халдсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосон ажлыг хийсэн байна. Үүнийг МСНЭ-ийн хуулийн баг, Удирдах зөвлөл хуралдан, эрс эсэргүүцэж хатуу тэмцэхээ илэрхийлж байгаа.

Ялангуяа сонгууль дөхсөн маш эгзэгтэй цаг үед энэ мэт байдлаар сэтгүүлчдийг дарамтлах, үзэл бодол болон үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах, иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаа энэ асуудалд МСНЭ тууштай анхаарал хандуулж, хариуцлага нэхэж байна. Хэрэв цар тахлын үе тохиогоогүй бол гудамжинд гарч тэмцэхэд ч бэлэн байна. Хэрэв энэ асуудлыг авч хэлэлцэхгүй, хуулийн хүрээнд шийдэхгүй бол дараагийн арга хэмжээгээ авах болно” гэв. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.