ЭМЯ: ХӨСҮТ-д байсан 17 хүний нэгээс коронавирус илэрлээ

 ЭМЯ: ХӨСҮТ-д байсан 17 хүний нэгээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Манай орны хувьд ажиглалтад байсан 1229 хүнээс дөрөв нь ажиглалтаас гарчээ. Эмнэлгийн ажиглалтад буй хавдрын өвчтэй долоон хүнээс шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн эмнэлгийн ажиглалтад байгаа гурван хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Гадаадын 17 орноос 98 иргэн зөвлөгөө авсан байна. Одоогоор 13 хүн өвчилсөн, биеийн байдал нь хэвийн байгаа аж.

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Ирландад 4, ОХУ-д гурван монгол хүн тус тус өвчилжээ. Ирландад өвчилсөн дөрвөн хүн энэ сарын 17-нд давтан шинжилгээ өгсөн байна. Одоогоор шинжилгээний хариугаа хүлээж буй хүмүүс ажил төрлөө хэвийн үргэлжлүүлж байгаа аж.

Коронавирусийн халдвар дэлхийн 213 улс бүс нутгийг хамарч, 2.4 сая хүн өвчилжээ. Өвчлөл ОХУ-д нэмэгдэж байна. Хоногт 6000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор 41 хүн нас баржээ. Өвчлөгсдийн 60 хувь нь 45 хүртэлх насны залуус бөгөөд шинж тэмдэг хөнгөн балархай хэлбэрээр илэрч байгаа аж. Иймд эмнэлгийн эмч ажилчдад хамгаалах хэрэгсэл, хувцас нэн шаардлагатай байгаа юм байна. Одоогоор 1.6 сая хамгаалах хэрэгсэл хувцсыг БНХАУ-аас импортлохоор болжээ. Тус газраас амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, зайнаас харилцахаас гадна хатуу гадаргууг сайтар халдваргүйжүүлэхийг зөвлөсөн байна. Мөн БНСУ-д хоёр монгол хүн халдвараар өвчилж эдгэжээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй хүмүүсээс нэг хүн эдгэсэн. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Хэд хэдэн хүн уушгины хатгаатай байна. Үүнд эмч нар онцгой анхаарч байна. ХӨСҮТ-д байсан 17 хүний нэгээс коронавирус илэрч, нийт тохиолдол 33 боллоо. Сүүлийн тохиолдол Москвагийн төмөр замын дээд сургуулийн оюутан.ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА

-Бид дөрөвдүгээр сарын 12-нд оюутнуудыг хүлээн авсан. Хамгийн сүүлийн тохиолдол гурав дахь удаагийн шинжилгээгээр илэрлээ. ОХУ-д сурч байсан оюутнуудад тандалт хийж байна. Өвчлөл гарсан сургуулийн 24 оюутныг тусгаарласан. Мөн халдвар авсан байх эрсдэлтэй хүмүүс байна. Эдгээр хүмүүсээс шинжилгээг 2-3 удаагийн давтан шинжилгээ авч байна. Дахин авна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн