БНХАУ:Уханьд коронавирусээр нас барсан хүмүүсийн тоо нэмэгджээ

 БНХАУ:Уханьд коронавирусээр нас барсан хүмүүсийн тоо нэмэгджээ

Үхань хот
Халдварын тоон мэдээллийг дахин хянаж шинэчилсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл.

2020 оны 4-р сарын 17-нд, Үхань хотын шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хяналт удирдлагын төв тухайн өвчний халдвар авсан тохиолдол, нас барсан хүний тоог дахин хянаж шинэчилсэн тухай мэдэгдэл хийв. Мөн өдөр тус төвийн албаны хүн сэтгүүлчид ярилцлага өгч, зарим асуудлуудад тодруулга хийжээ.

  1. Үхань хотод коронавирусийн халдвараар оношлогдсон тохиолдол, нас барсан хүний тоог дахин хянан шинэчилсэн нь ямар учиртай вэ?

Хариулт: Шинэ коронавирусийн халдвар нь БНХАУ байгуулагдсанаас хойш Хятад улсад дэгдсэн хурдан тархалттай, халдварын цар хүрээ өргөн, хамгаалан сэргийлэхэд хамгаас бэрхшээлтэй олон нийтийг хамарсан гэнэтийн цар тахал юм. Халдвартай тэмцсэн чухал бүс болох Үханий хувьд Намын төв хороо, Төрийн зөвлөл болон Хүбэй мужийн намын хороо, мужийн захиргааны удирдлага дор иж бүрэн, хатуу чанга, шийдэмгий арга хэмжээ авснаар халдварын тархалтыг үндсэндээ таслан зогсоосноор Үхань хотод тавьсан хөл хориогоо цуцалж, халдварын тоон мэдээллийг дахин хянаж шинэчлэхэд ашигтай нөхцөл байдал бүрдсэн юм. Халдварын тохиолдол, нас барагсдын статистик зэрэг мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэж, ил тод шударга зарчмыг удирдлага болгон бодитоор мэдээлж ирсэн. Халдварын эхэн үед эмчлэх хүчин хүрэлцэхгүй, зарим эмчилгээний байгууллага цаг тухайд нь халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийн системтэй холбогдож чадаагүй, эмнэлгүүд өндөр ачаалалтай ажиллаж, эмч сувилагч нар өвчтөний алтан амийг аврахын төлөө бүх хүчин чармайлтаа тавьж байсан болохоор хожимдож, орхигдуулж, буруу мэдээлэл өгөх үзэгдэл оршиж байв. “БНХАУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ын 38-р заалтын 4-р зүйл, “Халдварт өвчний мэдээллийг цаг тухайд нь зөв оновчтой мэдээлэх”, “Нийгмийн эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн журам”-ын 25-р заалтын 3-р зүйл, “Цаг тухайд нь зөв оновчтой, бүх талын мэдээллийг нийтлэх”, “БНХАУ-ын Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийн журам”-ын 19-р зүйлд, “Тоо бүртгэлийн материал нь бүрэн бус эсвэл алдаатай байгаа тохиолдолд статистикийн судалгааны харилцагч нар хуульд заасны дагуу нэмж, залруулах хэрэгтэй”, “Хүн амын нас баралтын мэдээллийг бүртгэх удирдлагын туршин хэрэгжүүлэх дүрэм”-ийн 10-р зүйлд, “Эмчилгээ эрүүл мэндийн байгууллага тоо бүртгэлийг дахин хянаж залруулах механизм байгуулах хэрэгтэй”-н 15-р зүйлд, “Эмчилгээ эрүүл мэндийн байгууллага мэдээллийг харьцуулах, баталгаажуулах, нэмэлт тайлан хийх механизмыг байгуулах хэрэгтэй” зэрэг дүрэм тогтоолын дагуу Үхань хотод коронавирусийн халдвараар оношлогдсон болон нас барсан хүний тоог дахин хянаж шинэчлэх шаардлага тулгарсан юм.

  1. Үхань хотод коронавирусийн халдвараар оношлогдсон тохиолдол, нас барсан хүний тоог дахин хянаж шинэчлэх ажил хэрхэн явагдсан бэ?

Хариулт: Үхань хотын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт, удирдлагын төв тус хотод халдвараар оношлогдсон тохиолдол, нас барсан хүний тоог дахин хянаж шинэчлэх ажлыг чухалчлан үзэж, түүхэнд, ард түмэнд, нас барагсдад хариуцлага хүлээх зарчмаар үнэнийг баримтлан, хянаж шинэчлэх ажлыг хийж байна. 2020 оны 3-р сарын эцэст, Халдварын тоон мэдээлэл, халдвар судлалын ажлын хэсэг байгуулж, Үхань хотын Эрүүл мэндийн хороо, Халдвар судлалын төв, Нийгмийг аюулаас хамгаалах газар, Иргэний хэргийн газар, Хуульзүйн болон статистикийн газар зэрэг байгууллагын ажилтнуудаас бүрдсэн тусгай баг Үхань хотын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийн систем, Үхань хотын оршуулгын мэдээллийн систем, Үхань хотын эмнэлгүүдийн удирдлагын мэдээллийн систем, Үхань хотын коронавирусийн нуклайн хүчлийг шалгах систем зэрэг мэдээллийн санг бүрэн ашиглан, коронавирусийн халдвараар оношлогдсон тохиолдол, нас барсан хүний тоог харьцуулан залруулж, нэмэлт шинэчлэл хийсэн. Бүгдийг хамрах, орхигдуулахгүй байх зарчмын дагуу халдвар гарсан бүсийн халуурсан өвчтөнийг хүлээн авах эмнэлэг, түр эмнэлэг, тусгаарлах цэг, хороолол болон Нийгмийг аюулаас хамгаалах газар, Хуульзүйн газар, Иргэний хэргийн газар зэрэг байгууллагын харьяа шорон, өндөр настны асрамжийн газар зэрэг бүхий л байгууллага дахь өвчтөний мэдээллийг бүртгэж, эмчилгээний байгууллага, хороолол, үндсэн шатны нийгмийг аюулаас хамгаалах газар, өвчтөний ажлын газар, гэр бүлийн хүмүүстэй харгуулан хянасны үндсэн дээр өвчтөний мэдээллийг зөв оновчтой, тоо баримтыг үнэн бодитоор мэдээлэхийг баталгаажуулсан юм.

  1. Үхань хотод коронавирусийн халдвараар оношлогдсон тохиолдлын тоог дахин хянаж шинэчилснээс хойш тоон мэдээлэлд ямар өөрчлөлт гарав?

Хариулт: 4-р сарын 16-ны 00 цагийн байдлаар олон нийтэд мэдэгдэж байсан Үхань хотод коронавирусийн халдвараар оношлогдсон өвчтөний тоо 50008 байсан бол зарим өвчтөн хороолол алгасан эмчлүүлсэн, олон эмнэлэгт удаа дараа эмчлүүлсэн зэрэг шалтгаанаас болж 217 өвчтөний мэдээллийг давхардуулсан байна. Орхигдуулсан, цаг тухайд бүртгэж амжаагүй өвчтөний тоо 452 байж, коронавирусийн халдвараар оношлогдсон тохиолдлыг дахин хянаж шинэчилсний дараа 50333 болж байна.

  1. Тэгвэл тус хотод уг халдвараар нас барсан хүний тоог дахин хянаж шинэчилснээс хойш тоон мэдээлэлд мөн өөрчлөлт орсон уу?

Хариулт: 4-р сарын 16-ны 00 цагийн байдлаар олон нийтэд мэдэгдэж байсан Үхань хотод дээрх халдвараар нас барсан хүний тоо 2579 байж, үүнд давхар бүртгэсэн өвчтөн, коронавирусээс бусад өвчнөөр нас барсан 164 тохиолдол багтсан юм. Эмнэлэгт эмчлүүлээгүй нас барсан, мэдээллийн системд бүртгэгдээгүй, орхигдуулсан өвчтөний тоо нийт 1454 байна. Ингээд халдвараар оношлогдон нас барсан өвчтөний тоог дахин хянаж шинэчилсний дараа 3869 болов.

  1. Үхань хотын коронавирусийн халдвараар оношлогдсон тохиолдол, нас барсан хүний тоог дахин хянаж шинэчлэх нь ямар ач холбогдолтой вэ?

Хариулт: Амь насны аюулгүй байдал болон биеийн эрүүл мэнд нь хүн ардын хамгийн наад захын шаардлага бөгөөд нийгэм нийтийн хариуцлага юм. Халдварын тоон мэдээлэл нь хүн ардын амь нас, эрүүл мэндтэй нягт холбогдохын зэрэгцээ Засгийн газрын хүчин чадлыг харуулж байна. коронавирусийн халдвараар оношлогдсон тохиолдол, нас барсан хүний тоог дахин хянаж шинэчлэх нь ард иргэдийн эрх ашгийг хамгаалахад шаардлагатай бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт авах талаар шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулахад тустай юм. Мөн нийгэм нийтийн анхаарч буй асуудалд хариу өгөх, хүний амь насыг хүндэтгэж буй хэрэг билээ.

ХОУР, Бээжин

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн