Япон даяар онцгой байдал зарлалаа

 Япон даяар онцгой байдал зарлалаа

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо коронавирусний халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс Токио, Осака болон өөр таван мужид тогтоосон онцгой байдлыг орон даяар болгон өргөжүүлэх шийдвэрийг пүрэв гарагт гаргажээ. Ингэснээр 126 сая орчим хүн амтай бүх 47 мужид онцгой байдал тогтоолоо.

Абэ Шинзогийн мэдэгдсэнээр, Засгийн газар бүх иргэнд 100 мянган иен буюу 930 ам.долларыг олгохоор болжээ. Японд зарласан онцгой байдал нь бусад улс орныхтой адил хатуу хөл хорио биш юм. Халдвар тархаж болзошгүй байгаа тул муждаа онцгой байдал зарлахыг зарим захирагчид төв Засгийн газраасаа хүссэн ажээ. 

“Би халдварын тархалтыг хязгаарлаж, ялангуяа удахгүй болох “Алтан долоо хоног”-ийн амралтаар зорчих хөдөлгөөнийг бууруулах үүднээс бүх мужид онцгой байдал тогтоолоо” гэж Абэ Шинзо Засгийн газрын коронавирусний асуудал хариуцсан ажлын хэсгийн уулзалтын үеэр мэдэгджээ.

Хүмүүс хоорондын хавьтлыг хамгийн багадаа 70 хувь, цаашлаад 80 хувь хүртэл бууруулахад ирэх тавдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх онцгой байдал чухал ач холбогдолтой гэж тэрбээр хэлсэн байна. Дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилдэг баярын амралтаар Японы олон иргэн төрсөн нутагтаа очиж, аялж зугаалдаг юм. Энэ жилийн амралт тавдугаар сарын 6-нд дуусах ажээ.

Японд коронавирусний халдварын тохиолдлын тоо 10 мянга даваад /“Diamond Princess” хөлөг онгоцон дээр байсан 700 гаруй хүнийг оруулсан/ байгаа энэ үед хүмүүс муж дамнан чөлөөтэйгээр зорчих нь халдвар нэмж тархах эрсдэлд хүргэж буйд санаа зовниж буйгаа Абэ Шинзо илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн