Covid-19: АНУ-д 29 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэв

 Covid-19: АНУ-д 29 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэв

Covid-19 вирусийн цар тахал 2020 он гарснаас хойш дөрвөн сар гаруй хугацаанд дэлхийн 210 орон, олон улсын хоёр тээврийн хөлөг онгоцонд бүртгэгдэж, 2 сая 181 мянга 110 хүн халдвараар өвчилж, 145 мянга 463 хүн хорвоог орхиж, 574 мянга 14 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч эдгэжээ.

Covid-19 вирусийн цар тахал өнгөрсөн 24 цагийн байдлаар АНУ, Испани, Франц, Их Британи, Итали, Турк, Сингапур, ОХУ-д маш эрчимтэй тархаж байна.

Тухайлбал, ОХУ өчигдөр бүхий л нутаг дэвсгэрт нь коронавирусийн халдвар тархсан болохыг мэдэгдэж, улмаар Аюулгүй байдлынх нь зөвлөл нь цахимаар хуралдаж, тавдугаар сарын 9-нд уламжлал ёсоор болох байсан Ялалтын баяр болон тэрхүү баярын хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан бүх арга хэмжээг хойшлуулж, нэгдсэн бэлтгэлийг тараалаа.

Үүний зэрэгцээ, коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүмүүстэй салах ёс гүйцэтгэх ажиллагааг цахимаар зохион байгуулахаар болсон байна.

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3448 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт 27 мянга 938 хүн covid-19 халдвараар өвчлөөд байна. Мөн өнгөрсөн шөнө 34 хүн хорвоог орхисноор нийт 232 хүн амиа алдлаа. Харин 2304 хүн эмнэлгийн тусламж авч, эдгэжээ.

ОХУ-д covid-19 вирусийн цар тахал Москва хотод голомтлон тархаж байна.

АНУ-Д 29 МЯНГА ГАРУЙ ШИНЭ ТОХИОЛДОЛ НЭГ ХОНОГТ БҮРТГЭГДЛЭЭ

Цар тахал АНУ-д маш эрчимтэй тархаж байна. 24 цагийн хугацаанд 29 мянга 546 тохиолдол шинээр бүртгэгдэж, 2137 хүн амиа алджээ. Тус улсад нийтдээ 677 мянга 56 хүн халдвараар өвчилж, 34 мянга 580 хүн амиа алдаж, 57 мянга 271 хүн эдгэжээ.

Fox news мэдээлж буйгаар, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан анхны өвчтөн нь БНХАУ-ын Ухань хотын вирусологийн лабораторид ажилладаг байсан бөгөөд сарьсан багваахайнаас вирусийн халдвар авсан гэв. Мөн covid-19 вирус нь биологийн зэвсэг биш гэжээ.

Францад өнгөрсөн шөнө халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсэн байна. Шинээр 17 мянга 164 тохиолдол бүртгэгдэж, 753 хүн нас баржээ. Тус улсад нийтдээ 165 мянга 27 хүн халдвараар өвчилж, 17 мянга 920 хүн амиа алдаж, 32 мянга 812 хүн эдгэсэн.

Харин Их Британи улс халдвар тархалт эрчимтэй тархаж буй эхний зургаан орны тоонд орлоо. Тус улсад 4617 шинэ тохиолдол бүртгэгдэж, 861 хүн өөд болов. Ингэснээр Их Британид 103 мянга 93 хүн халдвараар өвчилж, 13 мянга 719 хүн амиа алдсан байна. Харин эдгэсэн хүний тоо одоогоор нэгдсэн бүртгэлд ороогүй байна.

Япон улсад нийтдээ 8626 тохиолдол бүртгэгдэж, 178 хүн амиа алдаж, 901 хүн эдгэсэн. Цар тахал эрчимтэй тархаж байгаа тул тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо улс орон даяар тавдугаар сарын 6 хүртэл онц байдал зарлав.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн