“Иргэдийн маршрутад цахимаар хязгаарлалт хийж магадгүй”

 “Иргэдийн маршрутад цахимаар хязгаарлалт хийж магадгүй”

Улсын Онцгой комиссын шуурхай штаб өнөөдөр /2020.04.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Нийслэлд 1600 орчим олон нийтийн цагдааг ажиллуулахаар хотын захиргаа болон Нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэсэн. Олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй.

Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллах юм.

Амны хаалт зүүгээгүй иргэдийг Гамшгаас хамгаалах хууль зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгоно.  

  • Мөн орон нутагт ажиллаж байгаа хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаагаар ажиллуулна.
  • Цэргийн албаны бүртгэлтэй иргэдийн дайчлах талаар судалж байна. Одоогоор дайчилгааны талаар хууль дээр тодруулах зүйл байгаа учраас судлагдаж байгаа гэдгийг онцолмоор байна.
  • Хорио цээрийн дэглэмийг сахиулахад олон улсын туршлага буюу цахим үнэмлэхийн хэлбэрт шилжих талаар мөн судалж байна. Хэрэв үр дүнтэй байвал иргэд цахим картаар тодорхой маршрутаар ажилдаа явдаг журамд шилжинэ.

Онцгой байдлын штабаас тусгаарлалтаас гарч байгаа иргэдэд хяналт тавих, шилжүүлэх журам гаргаж байна. Монгол гэрт, хашаа байшинд, нэг өрөө байранд амьдардаг хүмүүс өөрсдийгөө яаж тусгаарлах талаар боловсруулж, мөрдүүлнэ. Тусгаарлалтаас гарсан 13 иргэн олдохгүй байна гэсэн нь ташаа мэдээлэл. Тодруулбал, нийслэлд хаяг тодруулж байгаа долоон иргэн, орон нутагт дөрвөн иргэний хаягийг баталгаажуулсан. Баян-Өлгийд хоёр, Завханд нэг, Улаанбаатарт хоёр хүн хаягаа биччихээд өөр газар өөрсдийгөө тусгаарласан тохиолдол гарсан.

Одоо тусгаарлалтаас гарах хүмүүсийг хоёр хоногийн өмнө хаягийг нь аваад урьдчилж очиж, энэ хаяг дээр амьдрах уу гэж тодруулга хийгээд аймаг, сумд бүрийн онцгой комисст нэрсийг нь явуулна. Нийт тусгаарлалтаас гарсан иргэдийн өөрийгөө тусгаарлах дэглэм маш сайн байгаа. Иргэдийн оролцоо их чухал байгаа” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн