МХЕГ: Монос, Нахиа компаниуд техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн нь тогтоогдсон

 МХЕГ: Монос, Нахиа компаниуд техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн нь тогтоогдсон

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Монос”, “Нахиа” компанийн гар ариутгах бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.04.15/ мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын  Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Г.Баярболд “Өчигдөр УОК-оос мэдээлэл хийсэн. Мэдээлэлд гар халдваргүйжүүлэлтийн үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгсөн. Уг мэдэгдлийн дараа “Монос”, “Нахиа” эмийн үйлдвэрээс Мэргэжлийн хяналтын байгууллага гар ариутгагчийг техникийн спиртээр хийсэн нь ард иргэдэд  буруу ташаа мэдээлэл өглөө. Үүнийг хүнсний гуравдугаар зэргийн спиртээр хийдэг гэсэн мэдэгдлийг сошиалаар гаргасан.

Гэтэл гар ариутгагч бэлдмэл нь тодорхой стандарттай. Уг стандарт тухайн бүтээгдэхүүний үндсэн түүхий эд этилийн спирт, 96 хувийн хатуулагтай, спиртээр хийгдэх ёстой. Уг этилийн спирт нь тансаг зэрэглэлийн ангилалд багтдаг спирт байна гэдгийг стандартаар заагаад өгчихсөн. Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй спиртийг хүнсний спиртийг альфа, онцгой, дээд, тансаг гэж ангилдаг. Нэр дурдагдсан компаниас гаргасан мэдэгдэлд “гуравдугаар зэргийн хүнсний спиртээр үйлдвэрлэсэн” гэдэг нь гар ариутгагч бүтээгдэхүүний стандартад заагдаагүй байдаг гэдгийг анхааруулъя. Сошиалд мэргэжлийн хяналтын байгууллагаас буруу дүгнэлт гаргалаа гэж ярьж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага стандартыг хангуулж, мөрдүүлэх чиг үүрэгтэй.

Тухайн компаниуд техникийн этилийн спиртээр гар ариутгагч бэлдмэлийг үйлдвэрлэж байсан нь тогтоогдсон. Монгол Улсад үйлдвэрлэгдэж байгаа гар ариутгагч бэлдмэлийг техникийн спиртээр биш хүнсний тансаг ангиллын этилийн спиртээр үйлдвэрлэнэ гэдгийг зааж өгсөн. Гэтэл тухайн байгууллага энэ байдлаар нийгмийн сүлжээгээр буруу мэдээлэл түгээж байгааг ард иргэд ойлгох хэрэгтэй.

 “Монос” компанид эрүүл ахуйн халдвар хамгаалал шаардлага хангахгүй байдал илэрсэн. Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагаас гурван сая төгрөгийн торгууль тус компанид оногдуулсан. Бусад улс оронд техникийн этилийн спиртийг гар халдваргүйжүүлэхэд хэрэглэдэг. Гэхдээ Монгол Улсад тансаг хүнсний спиртээр гар ариутгагч үйлдвэрлэнэ гэдгийг зааж өгсөн.

Техникийн спирт нь хүний эрүүл мэндэд ууж хэрэглэвэл хортой. Гадуур бүтээгдэхүүн хийгээд хэрэглэхэд хортой зүйл байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас стандарт хангахгүй бүтээгдэхүүнийг битүүмжилсэн. Лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн дээрх хураагдсан бүтээгдэхүүнийг яах вэ гэдэг дараагийн асуудал яригдана. Бүтээгдэхүүн нийлүүлсэн байдлаас харахад дийлэнх бүтээгдэхүүнийг техникийн спиртээр хийсэн гэсэн шалгалтын дүн гарсан.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн