АН: Гадаадад байгаа иргэдэд сар бүр $500 олгох төсөл өргөн барилаа

 АН: Гадаадад байгаа иргэдэд сар бүр $500 олгох төсөл өргөн барилаа

УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2020.04.15/ өргөн барилаа.

Төсөлд:

  • Цар тахлын улмаас гадаад улсад хөл хорио болон олон улсыг нислэг зогоосны улмаас хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах үүднээс эх орондоо ирэх хүсэлтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэн бүрт агаарын хил нээгдэж, эх орондоо ирэх хүртэл нь сар бүр $500 санхүүгийн дэмжлэг үзүүлэх, 
  •  Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах  түр журам боловсруулж хэрэгжүүлэх,
  • Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, Консулын газрыг тухайн улсад хүнд нөхцөлд байгаа өвчтэй, хөгжлийн бэршээлтэй, өндөр настай, хүүхэд, оюутнууд, санхүүгийн бэрхшээлд орсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулах,

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнийн хэлснээр дээрх санхүүгийн дэмжлэг үзүүлбэл сард 25 сая ам.доллар буюу 69 тэрбум 535.5 сая төгрөг, хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад ажиллаж буй иргэдэд олгоно гэдгийг тодотголоо. 2020 оны төсвийн 3.1 их наядын хөрөнгө оруулалтыг танаж уг тогтоолын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэв.

Мөн тэрбээр Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн сөрөг үр дагавар үүсэхгүй гэж үзэж байна. Харин ч гадаад улсад хүнд нөхцөлд орсон иргэдийнхээ эрхийг хамгаалж, эдийн засгийн болон сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. АН цар тахалтай холбоотойгоор дөрөвдөх тогтоолын төсөл, саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Удаа дараа бидний хүргүүлсэн санал, хуулийн төслүүдийг эрх баригч нам үл ойшоосон байдлаар хандаж хайхрахгүй байгаа. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал аль нэг улс  төрийн намын асуудал биш, үндэсний аюулгүй байдлын асуудал учраас бүх улс төрийн нам, иргэд, төрийн буй байгууллагад  хамаатай” гэсэн юм.

Сануулахад, 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7,624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд тэдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй  89 иргэн байгаа бөгөөд цаана нь эх орондоо ирэх хүсэлтээ хаана гаргах, хэнд хандахаа мэдэхгүй, тухайн улсад суугаа элчин сайдын яамтайгаа холбоо барьж чадахгүй зэрэг олон шалтгаантай иргэд байна.

Гадаад орнуудад Монгол Улсын 180 мянга орчим иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс  БНСУ-д хамгийн олон нь буюу 50 мянга орчим нь амьдардаг гэсэн мэдээлэл бий. Мөн Европын улсад 40 гаруй мянга, АНУ-д 40-50 мянга орчим монголчууд байна гэсэн албан бус тоо бий.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн