​Д.Нарангэрэл: 30 тохиолдол бүгд Монголд ирэхээсээ өмнө халдвар авсан нь батлагдаагүй байсан

 ​Д.Нарангэрэл: 30 тохиолдол бүгд Монголд ирэхээсээ өмнө халдвар авсан нь батлагдаагүй байсан

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд 213 оронд өвчлөл тархаад байна. Өнөөдрийн байдлаар 1.9 сая хүн коронавирусийн халдвараар өвчилсөн байна. АНУ, Итали, Иран, Турк, Их Британи улсад эрчимтэй тархсан хэвээр байна. ОХУ-д 18386 хүн өвчилсөн. Сүүлийн 24 цагийн дотор 18 хүн нас барсан. Улаан-Үдэд 26 тохиолдол бүртгэгдсэн байна. Эрхүү хотод 39 тохиолдол бүртгэгдсэн. Тувад зургаан хүн өвчилснөөс нэг нь эмнэлгийн ажилтан байна. Москва хотод өвчлөл их байгаа учраас Батлан хамгаалахын эмнэлгүүдэд коронавирустэй өвчтөнүүдийг эмчилж байна.

Мөн Казахстан улсад өвчлөл эрчтэй тархаж байна. Сингапурт өвчлөл сүүлийн өдрүүдэд маш их нэмэгдэж байна. Гадаадаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах чиглэл өгсөн ч тусгаарлаагүй гадуур явж иргэдэд тараасан асуудал гарлаа. ОХУ-д ч мөн адил гадагшаа яваад ирсэн хүмүүс гадуур явснаас болж буспап өвчин тараасан байна.

Манай улс гадаадаас ирсэн хүмүүсийг 21 хоног тусгаарлаж байгаа. Тусгаарлалтаас гараад 14 хоног гэрийн тусгаарлалтад байх ёстой. Энэ тусгаарлалтын дэглэмээ сайн мөрдөх хэрэгтэй. Япон улсын өвчлөл нэмэгдэж байна. Хоёр мужид нэмж онц байдал зарласан байна. Европын зарим оронд тархалт буурч байгаа ч хөл хориог үргэлжлүүлэн сунгаж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа гадаад улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

БНХАУ-д шинэ халдварын тохиолдол 108 бүртгэгдсэн байна. Үүний 98 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол их байгаа учраас хилийн хяналтыг чангатгаж байна. ОХУ-тай хиллэдэг мужуудаас орж ирсэн иргэдийг 28 хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна. Эхний 14 хоног тусгаарлан бэлтгэсэн байранд байлгаж, хоёр удаа шинжилгээ авна. 

ОХУ-д нэг хоногт 2558 тохиолдол бүртгэгдсэн. Тус улсын Шадар сайдын мэдээлснээр 16-18 хувиар халдвар нэмэгдэж байна. Тус улсын хэмжээнд 148 нас баралт бүртгэгдсэн байна.Цаашдаа халдвар авсан хүмүүсийг эмчлэх орны тоогоо  95 мянган болгох чиглэлийг өгчээ. 

Итали, Испани, Франц улсуудад нас баралт буурч байна. Францын Ерөнхийлөгч тавдугаар сарын 11-н хүртэл хөл хориог сунгасан. Халдварын тархалт буурч байгаа ч энэ тулааны ард гарахад хараахан болоогүй гэж байна. 

Туркт халдварын тохиолдлын тоо 4000-аар, нас баралт 98-аар нэмэгдсэн байна. Энэ хугацаанд 34 мянган хүнд шинжилгээ хийсэн талаар Эрүүл мэндийн сайд нь мэдээллээ гэлээ.

Манай улсад илэрсэн 30 тохиолдол бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн. Энэ бүх тохиолдол ирэх үедээ шинж тэмдэг илрээгүй, батлагдаагүй байсан. Харин ХӨСҮТ-д тусгаарлагдсаныхаа дараа шинжилгээ хийлгэж, батлагдсан. Гаднын улсаас авчирч байгаа иргэдэд шинжилгээ хийгээд сөрөг хүмүүсийг авчрах шаардлага тавьж байгаа. ОХУ-аас гол төлөв оюутнууд байсан учраас энэ шаардлагыг биелүүлж чадаагүй гэдгийг Д.Нарангэрэл дарга мэдэгдсэн юм. . 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн