Гэрээр тусгаарлагдсан иргэд утсаа салган алга болж байна

 Гэрээр тусгаарлагдсан иргэд утсаа салган алга болж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас  /НЭМГ/  өнөөдөр /2020.04.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


АЛБАН БАЙГУУЛЛАГУУДАД ЭРСДЭЛТЭЙ ЭНЭ ЦАГ ҮЕД АЖИЛТНУУДАА БӨӨНД НЬ ЦУГЛУУЛАХ ХЭРЭГГҮЙ 

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар “Нэгдүгээр сарын 9-ны өдөр  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусийн халдварын тохиолдол илэрснийг дэлхий дахинд зарласан.Үүнээс хойш гурван сарын  хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагууд короанавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр үе  шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Төр, хувийн хэвшлийн байгууллага болон иргэдийн хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдөр хүн амын дотор  халдварын тохиолдол гараагүй гэдгийг онцолъё.

Бид  болзошгүй эрсдэлийн үед ажиллуулах шаардлагатай эмнэлгүүдийг бэлтгэж энэ чиглэлээр ямар шат дараалалтай ажиллах талаар төлөвлөгөөг  гаргаж бэлтгэлийг бүрэн хангасан. Мөн Нийслэлийн түргэн тусламжийн төв  коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлуудыг тээвэрлэх бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.  Албан байгууллагуудад эрсдэлтэй энэ цаг үед ажилтнуудаа бөөнд нь цуглуулах хэрэггүй. Аль болох олон хүн битгий цуглуул” гэв.

ГЭРЭЭР ТУСГААРЛАГДСАН ХҮМҮҮС ӨГСӨН ХАЯГ ДЭЭРЭЭ БАЙХГҮЙ, УТСАА САЛГАН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖ БАЙНА

НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа “Тусгай үүргийн онгоц болон орон нутгийн боомтуудаар орж ирсэн иргэдийг 14-21 хоног тусгаарлах байранд тусгаарлаж байгаа. Эмнэлгээс гарсан иргэд гэртээ өөрийгөө 14 хоног  тусгаарлах ёстой. Эдгээр иргэдэд дүүрэг болон өрхийн эмнэлгүүд хяналт тавин ажиллаж байна.

Энэ үйл ажиллагааг Улсын Онцгой комиссын шуурхай штабаас бидэнд ирүүлсэн иргэдийн нэрсийн дагуу хяналтыг хийсэн. Гуравдугаар сарын 24-өөс эхлэн дөрөвдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 2509 хүнийг хяналтад авах ёстойгоос 1727 хүнийг хяналтад авсан.

Хяналтад авсан 1727 хүнээс өчигдрийн байдлаар 1208 хүнийг өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад авсан.Үлдсэн хүмүүсийн хяналтын хугацаа дуусаагүй байгаа бол тусгаарлалтын ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарсан 502 хүн байна. Зургаан хүний тусгаарлалтын хугацаа сунгагдсан.

Мөн энэ хугацаанд багагүй шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Дүүрэг хоорондын шилжилт хөдөлгөөнийг 504 хүн, хөдөө орон нутагт 51 хүн шилжсэн. Хөдөө, орон нутагт  шилжсэн  иргэдийг Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабт мэдэгдэн аймгуудын эмнэлэгт хүлээлгэн өгч байгаа. Мөн 11 хүний хаягийг тодруулахаар дүүргийн онцгой комиссуудад өгсөн. Гэрийн ажиглалтад байгаа ихэнх хүмүүс тусгаарлалтын дэглэмийг маш сайн мөрдөж байгаа  ч зарим нэг асуудал гарч байна.

Тодруулбал,  өгсөн хаяг дээрээ байхгүй, утсаа салгаж сураггүй алга болох,  тусгаарлалтын дэглэмийг зөрчиж гадуур явах тэр битгий хэл орон нутаг руу зорчсон тохиолдлууд гарсан.  Тиймээс зөрчил гаргасан иргэдийг цагдаагийн байгууллагад өгч сураггүй болсон нэгнийг нь олуулж байна” гэв.

СЭЛЭНГЭ, ДАРХАН, ТӨВ АЙМАГ РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨН ИХ БАЙНА

Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Нийслэл рүү орж гарах  есөн товчооны хөдөлгөөн дээр  мэргэжлийн багуудын хамтарсан баг  24 цагаар үйл ажиллагаа явуулаад хоёр сар болж байна Өнөөдөр 08.00  цагийн байдлаар нийслэлийн есөн товчоодоор  7880 тээврийн хэрэгсэл орсон бол  7515 тээврийн хэрэгсэл гарч нийт 15395 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцжээ. Харин хот уу орсон 23470 хүн, хотоос гарсан 22403 хүн буюу нийт 45873 зорчигч  эрүүл мэндийн хяналт шалгалтад ороход сэжигтэй тохиолдол илрээгүй. Мөн Зам тээвэр  хөгжлийн яамны мэдээгээр 15 галт тэрэг 3357 зорчигч, 12 нислэг, 854 зорчигч хяналтад тандалтад хамрагдахад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.  Ер нь Сэлэнгэ, Дархан, Төв аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөн их байна. Мөн эдгээр аймгуудаас хот руу зорчих хөдөлгөөн их байна” гэв

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн