Африкийн Малави улсын иргэд “цус сорогч” байж болзошгүй найман хүний амийг хөнөөжээ

 Африкийн Малави улсын иргэд “цус сорогч” байж болзошгүй найман хүний амийг хөнөөжээ

Цус сорогч”-доос өөрийгөө хамгаалахаар зохион байгуулагдсан бүлэг иргэд найман хүний амийг хөнөөсөн хэрэг Африк тивийн өмнөд бүсийн Малави улсад гарсан байна.

Сүүлийн хоёр хохирогч нь Танзани руу Малави улсын хойд хэсгээр дайран зорчиж байсан Мозамбикийн иргэд байжээ.

Цус сорогчтой тэмцэгчид Даваа гарагт тэдний сууж явсан машиныг зогсоож, ярилцах гээд хэл өөр тул ойлголцож чадаагүй гэнэ. Тиймээс зорчигчид руу довтолж, цагдаа нарыг ирэхэд хоёр хүний амийг хөнөөсөн байжээ.

Малави даяар цус сорогчид амилсан тухай цуурхал тарсны дараа өнгөрсөн сард хэсэг иргэд өөрийгөө хамгаалахаар зохион байгуулагдсан юм байна.

Тэдний гарт нийтдээ найман хүн амиа алджээ. Тэмцэгчид сэжигтэй санагдсан хүмүүсийг цус сорогч гэж үздэг байна.

Малави улсын цагдаа аллагын хэргүүдийг мөрдөж, нийт 117 хүнийг баривчлан шалгаж эхэлжээ.

Энэ долоо хоногийн эхээр Малавийн ерөнхийлөгч Питер Мутхарика гэмгүй хүмүүс алагдаж байгаад гүн харамслаа илэрхийлээд худал цуурхалд автахгүй байхыг ард иргэдэдээ уриалжээ.

Тэр бас “цус сорогч”-ийн цуурхлыг энэ онд болох сонгуулийн өмнө зориуд эмх замбараагүй байдал үүсгэх зорилготой улс төрийн явуулга байж болзошгүйг анхааруулсан байна.

Ерөнхийлөгч “цус сорогч”-той тэмцэхийн оронд коронавирусийн тахалтай тэмцэхэд анхаарал хандуулахыг уриалжээ.

Малави нь Африк тивийн улсуудаас хамгийн сүүлд Covid-19 өвчний халдвар илэрсэн орнуудын нэг юм. Дөрөвдүгээр сарын 2-нд тус улсад халдварын анхны гурван тохиолдол илэрч байжээ.

Тэр үеэс хойш долоо хоногийн хугацаанд халдварын тохиолдол найм болон нэмэгдэж, нэг өвчтөн нас бараад байна.

“Цус сорогч”-ийн цуурхал Малавид анх удаа тарсан нь энэ биш. 2017 онд мөн ийм яриа гарахад есөн хүн алагдаж, 250 хүн баривчлагдаж байжээ.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн