ХӨСҮТ-ийн эмч нар ХАМГААЛАЛТЫН ХУВЦАСНЫ ХОМСДОЛД орох эрсдэлтэй байна

 ХӨСҮТ-ийн эмч нар ХАМГААЛАЛТЫН ХУВЦАСНЫ ХОМСДОЛД орох эрсдэлтэй байна

Монгол Улсад дэлхий нийтийг хамраад байгаа шинэ төрлийн коронавирусний халдварын 16 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар тэдний дөрөв нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол үлдсэн 12 нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдний биеийн байдал хэвийн, тогтвортой байгаа гэдгийг тус төвийн захирал Д.Нямхүү хэлж байна. Харин коронавирусний халдвараар өвчилсөн 16 дахь тохиолдлыг Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод авч ирсэн. Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь хэвийн байгаа гэдгийг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинг Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллах үеэр нь онцолж байв.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лабораторийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Тэрбээр энэ үеэрээ голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн 200 гаруй ажилтанд нэг удаагийн урамшуулал буюу 500.000-1.000.000 төгрөг олгоно гэдгээ мэдэгдсэн.

Энэ талаар Шадар сайд Б.Энхтүвшин хэлэхдээ “Зүгээр нэг та бүхэнд баярлалаа гэж хэлээд өнгөрөхийг хүсэхгүй байна. Энэхүү сэтгэлээ бодитоор  илэрхийлэхийг хүсэж байна. Жаахан ч гэсэн та бүхэнд урам, дэм болно гэдэгт итгэж байна. Учир нь, яг голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч нарт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хандивын хөрөнгөөс тус бүр 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно” гэсэн юм.
 

Тэгвэл Улсын онцгой комисс өнөөдөр /2020.04.09/ хуралдаж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд буюу голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан болон онцгой, цагдаагийн алба хаагчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг гаргалаа.

Энэхүү шийдвэрийг гаргахад Шадар сайд Ө.Энхтүвшингийн Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан нь ихээхэн үүрэг гүйцэтгэж, түлхэц болсон гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Ганзориг тодотголоо. Тэрбээр “Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох саналыг гаргасан. Энэ хүрээнд ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчид болон цагдаа, онцгойгийн алба хаагчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг гаргалаа. Хөрөнгийн эх үүсвэрийг иргэн, аж ахуйн нэгжийн өгсөн хандивийн мөнгөнөөс гаргана” гэх тайлбарыг өглөө.   
 

Үүнээс гадна Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ шинэ төрлийн коронавирусний халдварыг анх илрүүлсэн төв лаборатори болон Вирус судлалын лабораториор зочилсон. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн төв лаборатори нь томуугийн төрлийн 21 вирусийн халдварыг илрүүлэх хүчин чадалтай бөгөөд анх шинэ төрлийн коронавирусний халдварыг илрүүлсэн газар юм. Гэсэн ч дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлын дэгдэлттэй холбогдуулан дээрх төв лабораторийн хүчин чадлыг нэмэх, Вирус судлалын лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин нар гаргасан байдаг.


Энэ хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лабораторийн үйл ажиллагаанд Шадар сайд Ө.Энхтүвшин онцгойлон ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж байлаа. Тус лаборатори нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гадаад үнэлгээнд 2007 оноос эхлэн хамрагджээ. Харин лабораторийн зөвлөх эмчээр академич П.Нямдаваа ажиллаж байгаа бол таван их эмч судлаач, есөн лаборант туслах ажилтны  бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ талаар тус лабораторийн эрхлэгч Б.Дармаа “Бид 21 аймагтаа хандалтын нэгжтэй, бүгдэд нь зөвлөмж өгдөг. Жилийн турш томуугийн өвчлөл гарах юм бол сорьц авдаг, шинжилдэг. Манайх Ховд, Дорнод, Дархан-Уул, Эрдэнэт зэрэг газарт таван салбар лабораторитай. Бүс нутгаа хариуцаж, шинжилгээгээ хийдэг. Уг нь, шинэ төрлийн коронавирусний халдварыг оношлох боломжтой. Гэсэн ч тухайн үед оношлуур нь олдохгүй байсан болохоор зөвхөн томуугийн төрлийн вирусийг илрүүлж байсан” хэмээн ярьж байна.  


Д.НЯМХҮҮ: БНХАУ-ААС НЭМЖ 8000 ОНОШЛУУР АВНА
 

Энэ үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүгээс дараах асуултад хариулт авсан юм.


-Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр та бүхний зүгээс оношлуур нэмж авах асуудлыг тавьж байх шиг байна. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгнө үү?

-Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин манай ХӨСҮТ-ийн төв лабораторитой орж танилцлаа. Үндсэндээ шинэ төрлийн коронавирусний халдварыг анх илрүүлсэн лаборатори юм. Шинэ төрлийн коронавирусний халдвар илрээгүй байхад томуугийн олон төрлийн вирусийг илрүүлдэг, өндөр хүчин чадалтай, АНУ болон Англи, Япон улсад байгаа зэрэглэлийн тоног төхөөрөмжөөр хангагдсан лаборатори юм. Түүнчлэн Шадар сайд Ө.Энхтүвшин болон Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг даалгаврын дагуу шинээр нэмэлт лабораторийг нээх, хүчин чадлыг нь өргөжүүлэхээр болсон. Энэ хүрээнд манайд нэмэлтээр нэг лабораторийг нээсэн. Түүний үйл ажиллагаатай Шадар сайд танилцлаа. Манай Вирус судлалын лабораторийн тоног, төхөөрөмж нь БНСАУ-аас орж ирсэн. Тус улсын Элчин сайдын яамнаас 3000 оношлуурыг тусламжаар өгсөн. Тэр бүх оношлуурыг ашиглаж эхлээд байна. Мөн БНХАУ-ын Элчин сайдын яамнаас өгсөн 5000 оношлуурыг ашиглаж эхэллээ. Энэхүү тооны оношлуур нь хэдийгээр БНХАУ-ынх боловч манайд байгаа лабораторийн вирус илрүүлдэг багаж дээр программчилж тохируулга хийж ашиглаж байна. Шадар сайд хэлсэн. Нэмж 8000 оношлуурыг БНХАУ-ын Элчин сайдын яамнаас тусламжаар авахаар болсон гэж. Нийт 13 мянган оношлуурыг ашиглах боломжтой болж байна. Гэхдээ бид хүсэлт тавьсан. Энэ 13 мянган оношлуурыг дагалдуулж БНХАУ-ын компанийн лабораторийн машин буюу төхөөрөмжийг дагалдуулж авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Шадар сайд ч үүнийг хөөцөлдөж, авч өгөхөө мэдэгдлээ. Учир нь, бид хэдийгээр БНХАУ-ын оношлуурыг манайд байгаа вирус илрүүлэх төхөөрөмж дээр ашиглаж болж байгаа ч өөрсдийнх нь оношлуурыг, өөрийнх нь багаж дээр хийх нь зөв гэж үзсэн.

-Танай  ХӨСҮТ шинэ төрлийн коронавирусний халдварыг эмчлэх гол ачааг үүрч байгаа. Та бүхэн нэн тэргүүнд шаардлагатай байгаа зүйл юу байна вэ?

-Хамгийн гол зүйл бол хувийн хамгаалах хэрэгсэл. Лаборатори, өвчтөн дээр орж байгаа N95 хамгаалалтын хувцасны хэрэглээ асар их байна. Хэрэв тэр нөөц дуусвал гаднаас татаж авч чадахгүй. Учир нь, агаарын хил хаачихсан байгаа. Үндсэн суурь, багаж төхөөрөмж нь байна. Түүнд хэрэгтэй нэмэлт тоног, төхөөрөмж л шаардлагатай байгаа юм. Үүнийг л олноор нь авахгүй бол хэрэглээ өндөр байна.  Жишээ нь, долоон хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн ажилтан өвчтөн дээрээ хэдэн ч удаа орж болно. Өөрөөр хэлбэл, өвчтөн дээрээ өдөрт гурван удаа орно гэсэн зүйл байхгүй. Хэд ч орж болно. 

-Хэд хоногийн нөөц байгаа гэсэн үг вэ?

-Уг нь, нэмж захиалсан. Гэхдээ яг хэд хоногийн нөөц гэдгийг тооцох боломжгүй. Зарим газарт хуваарилсан хамгаалах хувцсаа татаж болно. Учир нь, хамгийн гол ачааг ХӨСҮТ авч байгаа шүү дээ. Нийт хэрэглээ, нөөцийг салбар яам л хэлэх байх. Бидний зүгээс хэмнэх ямар ч боломжгүй. Энэ бол хүний эрүүл мэнд, амь настай холбоотой зүйл. 

-Шинэ төрлийн коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийн биеийн байдал ямар байна вэ?

-Хэвийн байна. Энд нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй. Иргэд амны хаалт зүүх нь эрс багассан байна. Ингэж болохгүй. Дэлхийн олон орон амны хаалт зүүх шаардлагагүй гэж үзсэнээс болж халдварт өвчнөө барьж, тогтоож чадаагүй. Маш их хохирол амссан байдаг. Ингэж алдсаныхаа дараа тэд амны хаалт зүүхийг зөвлөж байна шүү дээ. Тэгэхэд манайхан анхнаасаа амны хаалтыг хэрэглэж, хамгаалж өнөөг хүрсэн. Энэ эрчээ алдаж болохгүй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн