Ж.Туул: Шатаж нас барсан нөхрийнхөө хэргийг нийслэлд шалгуулахыг хүсэж байна

 Ж.Туул: Шатаж нас барсан нөхрийнхөө хэргийг нийслэлд шалгуулахыг хүсэж байна

Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээврийн том оврын автомашины бүхээгт гал гарсны улмаас жолооч Д түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач 31 настай байсан бөгөөд түүний ард бага насны гурван хүүхэдтэй залуу бүсгүй өрх толгойлон үлдэж хоцорсон юм. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс ажил хөдөлмөр хийн, ар гэрээ тэжээж явсан залуу ажил олгогч байгууллагын зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж өгөөгүйн улмаас амь насаа алдсан хэмээн үзэж буй.

Улмаар дээрх хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж, өнөөдрийг хүртэлх хугацаанд аймгийн прокурорын газраас хавтаст хэргийг дөрвөн удаа хаах санал гаргасан байна. Харин талийгаачийн ар гэрийнхний зүгээс прокурорын энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, хохирогчийн харьяаллын дагуу Улаанбаатар хот руу шилжүүлэн шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газарт гаргаад байгаа юм.

Энэ талаар талийгаач Д-ын эхнэр Ж.Туул өнөөдөр хэвлэлийн хурал хийж хуулийн төрийн өндөр албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр “ Хэргийг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж шударгаар хүлээсэн ч болдоггүй юм байна. Би болон манай ар гэрийнхэн үнэхээр гомдолтой байна. Би эцсээ хүртэл явна. Манай гэр бүлийн зүгээс өнгөрсөн хугацаанд хангалттай нотлох баримт цуглуулсан. Тухайлбал, 2018 оны арваннэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө 0663 ӨМА улсын дугаартай “Омогт цагаан шонхор транс” ХХК-ийн автомашиныг Д жолооч бариад уурхайгаас ачилт хийгээд гарсан гэх баримт нь байна. Мөн машинд гарсан галыг компаниас тавьж өгсөн кабин халаагчаас гарсан гэх онцгой байдлын галын дүгнэлт байгаа. Анх хэргийн газарт үзлэг хийхдээ эд мөрийн баримтаа дутуу цуглуулсан, бэхжүүлж аваагүй. Мөн хариуцлага хүлээх ёстой “Омогт цагаан шонхор транс” ХХК нь одоо үйл ажиллагаагаа зогсоосон гэсэн боловч компанийн нэрээ өөрчилж жолооч нарыг тээвэрт явуулж, эрсдэлд оруулсаар байгаа. Бидний цуглуулсан нотлох баримтуудыг мөрдөгч, байцаагч нар үл тоож дөрвөн удаа хаасан. Хэргийг хаах үндэслэлээ хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжгүй гэж тайлбарладаг. Олон жил үйл ажиллагаа явуулсан энэ мэт компаниуд хуулийнхантай найз нөхөр байж хэрэгт нөлөөлөх гэж оролдож байгаа. Орон нутагт хуулийн завхрал маш их байгаа учраас хэргийг нийслэл рүү татан шалгуулах хүсэлтэй байна. Энэ зөвхөн миний асуудал биш. Ганцхан хүнээ алдаад дуусаагүй юм. Үүний цаана гурван хүүхэд хагас өнчин болж, гэр бүлийн маргаан, хоёр хүний үүрэх ачааг нэг хүн үүрч явах тийм асуудал гарч байгаа. Энэ замд хариуцлагагүй олон компаниудаас болж маш олон эмэгтэй эр нөхрөө алдаж, энэ мэтээр хэргээ хаалгасаар ирсэн” гэлээ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд тэрбээр төрийн гурван өндөрлөгөөс хэргийг харьяаллын дагуу Улаанбаатар руу татах, шүүх, хуулийн байгууллагад хийж буй цэвэрлэгээгээ үргэлжлүүлэх, хохирсон иргэдэд хүрч ажиллахыг хүссэн захидал хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

Иргэн Ж.Туулын захидлыг доор бүрэн эхээр нь хүргэж байна


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД, ШАДАР САЙД, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ТАНАА

Та бүхний амар амгаланг эрье. Миний бие Монгол улсын шударга залуу иргэн, 3 хүүгийн ээж, амь эрсдсэн тээвэрчний гэргийн хувьд энэ захидлыг бичин сууна.

2020 оны 03 сарын 27-ны өдөр миний Монгол улсын хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд итгэх итгэл минь бүрэн унтарсан өдөр.

2018 оны 11 сарын 08-с 09-ний өдрийг шилжих шөнө миний хань Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутагт нүүрс тээврийн замын 145-р км-т нүүрсний уртын урт тээврийн очерын төгсгөлд машины кабинд нь гал гарсны улмаас түлэгдэн амь эрсдсэн аймшигт үйл явдал бидний гэр бүл, цаашлаад нүүрс тээвэрчдийн сэтгэлийг сэртхийлгэсэн үйл явдал тохиолдсон. Тухайн өдрийн үүрээр 05 цаг 14 минутад Омогт цагаан шонхор транс ХХК-ны ажилтан Бат-Эрдэнэ надруу анх залган Дашдорж хүнд түлэгдэн сая Ханбогд сумын эмнэлэгрүү аваад явлаа гэж ярьсанаар бид анх мэдсэн. Ингэж холбогдсоноос хойш дахин тухайн ажилтны утас холбогдохоо байсан. Бид өөрсдөө арга хэмжээ авч Өмнөговь аймгийн лавлахаар дамжуулж байж Ханбогд сумын эмнэлэгтэй холбогдож нөхрийнхөө сургийг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламжийг  Ханбогд сумын эмнэлэг, Оюутолгой уурхай, Сосмедикал эмнэлэгийн яаралтай тусламжийн багаар / Тусгай үүргийн онгоц явуулж Ханбогдоос Улаанбаатар хотод хүргэж ирсэн/ хүргүүлж Гэмтэл согог судлалын үндэсний төв-д авч ирэн арьс нөхүүлэх хагалгаа хүртэл хийлгүүлж арга хэмжээ авсан байдаг юм. Ажил олгогч Омогт цагаан шонхор транс ХХК-ны удирдлагууд нь 2018 оны 11 сарын 11-ний өдөр бид нар өнөөдөр л мэдлээ хэмээн анх манай гэр бүлийнхэнтэй холбогдсон байдаг. Түлэнхийн тасгийн эмч нар 95% түлэгдэлттэй хүн ингэж удаан Монголд амьдарсан түүх байхгүй хэмээн итгэл найдвар өгч манай гэр бүл хүнээ хөл дээр нь босгоход их хүчээ зарцуулсан боловч 11 сарын 13-ны өдөр хань минь шархаа даалгүй тэнгэрт одсон юм. Хүний биений 95 хувь түлэгдэхэд үнсэх газар ч олддоггүй юм билээ. Түүний минь баруун хөлний шагай, хөлийн сарвууны дээд хэсэг л түлэгдээгүй үлдсэн байсан.

Энэ өдрөөс хойш Монгол улсын залуу иргэний хувьд ёс зүйтэй байж ханийнхаа амь алдсан хэргийг үнэн зөвөөр хуулийн хүрээнд шийдүүлэхээр 1 жил 5 сарын турш шударгаар хүлээлээ. Өмнөговь аймгийн Ханбогд сум Цагаанхад хэмээх Улаанбаатар хотоос 750 км зайд алслагдсан дор хаяж 14 цаг явж очдог сууринруу энэ хугацаанд хичнээн ч удаа өөрийн зардал цагаа гаргаж үр хүүхдээ хүн гуйж харуулж орхиод явсан юм одоо бүү мэд тоогоо алджээ. Ханбогд сумын цагдаагийн хэлтэс, Ханбогд сумын сум дундын прокурорын газраас эрүүгийн хэргийг удаа дараа хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж хэргийг хааж байгаад гомдолтой байна. Хэрэгт хангалттай ажиллагааг хийхгүй, нотлох баримтуудыг хангалттай цуглуулахгүй байгаа нь орон нутгийн хууль хяналтын байгууллагад ашиг сонирхлын зөрчил ихээхэн ордог гэсэн хардлагыг төрүүлээд байна. 

Эрүүгийн болон иргэний, захиргааны хэргийн хэрэгт бүрдүүлж өгсөн материалуудаас харахад

  1. Гал автомашины кабин халаагчаас гарсан гэх, уг төхөөрөмж нь Монгол улсад мөрдөгдөх стандарт хангаагүй гэх, Өмнөговь аймгийн онцгой байдлын газрын байцаагчийн дүгнэлт,
  2. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтэд талийгаачийн ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн тул үйлдвэрлэлийн осол гэж тооцно гэсэн дүгнэлт,
  3.  гэрч М.Хүрэлбатын өгсөн тухайн машины жолооч гэх Дашдорж болон ажил олгогчийг байлцуулан машиныг хүлээн аваад ажил олгогчийн зөвшөөрлөөр буцааж Дашдоржид хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг,
  4. Гэрч гэх Хүрэлбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй гэх ажил олгогчийн мэдүүлэг, тодорхойлолт, Омогт цагаан шонхор транс ХХК-ны 2018 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд Хүрэлбатад хамаарах төлөлт бүртгэгдээгүй байгаа байдал
  5.  Хэрэгт гэрч нарын өгсөн кабин халаагч төхөөрөмжийг ажил олгогчоос суулгаж өгсөн , кабин халаагчийг хэрхэн ажиллуулах талаар болон хөдөлмөр хамгааллын зааварчилгаа огтоосоо өгдөггүй гэх мэдүүлгүүд,
  6. Авто тээврийн үндэсний төвөөс авсан тухайн унаж яваад шатсан тээврийн хэрэгсэл нь Омогт цагаан шонхор транс ХХК-ны тээврийн хэрэгсэл мөн болно гэх лавлагаа,
  7. Хил хамгаалах газраас  тухайн тээврийн хэрэгслээр талийгаач нь 2018 онд хэд хэдэн удаа ажил хийх зорилгоор унаж хилээр орсон гарсан гэх лавлагаа,
  8. Энержи ресурс уурхайгаас хийсэн ачилтуудын лавлагаа,
  9. Эрдэнэс тавантолгой уурхайгаас ачаа ачсан пүүний баримт,
  10. Шүүх эмнэлгээс талийгаач нь 95 хувийн түлэгдэлт, гал залгиснаас болж амиа алдсан гэх дүгнэлт
  11.  Нүүрс худалдан авагчтай байгуулсан тээврийн гэрээнд жолоочийн аюулгүй байдлыг тээврийн компани хариуцна гэсэн заалт
  12. Мэргэжлийн хяналтын Өмнөговь аймгийн 2018 оны 5-р сард хийгдсэн төлөвлөгөөт шалгалтаар хүргүүлсэн албан шаардлагаас харахад Омогт цагаан шонхор транс ХХК нь хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиудыг хэрхэн ноцтой зөрчдөг болон хүргүүлсэн шаардлагыг үл биелүүлдэг байсан баримтууд
  13. Стандартчилал хэмжил зүйн газраас авсан Монгол улсын стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн санд Автомашины кабин халаагч төхөөрөмжийн талаар мөрдөх стандарт байхгүй байна гэх лавлагаа
  14. Талийгаачийн Хаан банкны хуулгаас харахад омогт цагаан шонхор нэрээр хийгдсэн гүйлгээнүүд
  15. Улсын ерөнхий прокуророос даалгавар өгөгдөн Улсын онцгой байдлын ерөнхий газрын гамшиг судлалын хүрээлэнгийн галын бүрэлдэхүүнтэй шинжээчийн “Өмнөх галын байцаагчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй”  гэх дүгнэлтүүдээс энгийн иргэн миний ухаанаар, олон хууль хяналтын мэргэжлийн хүмүүсээс асуусан асуулгаар ажил олгогчийн буруутай үйлдлээс болж ажилтан хүний амь эрсдсэн гэж нотлогдож байна гэж үзэх үндэслэл болж байна.

            Нүүрс тээврийн салбарт хүний амь нас эрүүл мэнд хохирсон нь зөвхөн манай гэр бүлд тохиолдсон зүйл биш юм.  Олон олон аав нар амиа алдаж миний 3 хүү шиг өнчрөн үлдсэн хүүхдүүд, өрх толгойлсон олон ээж нар эсвэл олон залуус тахир дутуу хохирч үлдэж байна. Гэвч нийтлэгээрээ хохирсон иргэд нь хуулиар хамгаалуулах эрхээ эдэлж чадахгүй байна.

            Миний мэдэх нүүрс тээврийн замд гарсан жолоочтой холбогдох бараг бүх хэрэг Цогтцэций, Ханбогд сумдын цагдаа прокуророос дарагдан хаагдаж байна. Хэргийн хойноос хөөцөлдөх цаг хугацаа зардал хүн хүч муутайг нь далимдуулан

1. Хэргийг маргааш хаах сүүлийн хугацаа та маргааш ирж танилц гэх мэт цаг хугацааны хувьд тулган хэлэх,

2. Хариуцсан мөрдөгч юмуу прокурор нь хохирогчийг хэргийн үйл явцыг мэдэхээр залгахад нь утсаа авахгүй байх, эсвэл утасны дугаараа солин эргэн хэнтэй холбогдохоо мэдэхгүй болгож хохирогчийг мухардалд оруулах,

3. Ажил дууссан цагаар юм уу амралтын өдрийн орой хохирогчруу нэгхэн удаа залгачихаад утсаа авахгүй байх юм уу салгаатай байх юм бол дахин залгахгүйгээр хэргийн материалд “залгаж хэргийн талаар мэдэгдэх гэсэн боловч утсаа авсангүй” гэх тэмдэглэл хийн хавсаргах,

4. Үхсэн хүний ясыг өндөлзүүлээд яахав гэдэг ардын ёсоо дагаад номхон хүлцэнгүй байлгах,

5. Ах дүүгээр нь талцуулан хэрэлдүүлэх арга буюу хэрэгт хохирогчоор хадам бэрийг зэрэгцүүлэн дур мэдэн ятган оруулж дунд нь худал ярин үл ойлголцол үүсгүүлэх гэх мэт залхаан цээрлүүлэх аргыг ашиглан хохирогч нарыг эдийн засаг, сэтгэл санааны хувьд туйлдуулан эцэстээ хэргийг хаах аргаар хууль хүчнийхэн хохирогчдыг хохирсон дээрээс нь нэмж хохирооцгоож байна.

Өмнөговь аймаг Ханбогд сум хүртэл нэг удаа явах зардал л гэхэд

Цаг хугацаа:  Ирэх очих 2 хоног

Бензин 1500км *10л* 1900төгрөг= 285.000 төгрөг

Хоол: 3 хүн *3удаа*8000төг*2 хоног= 144.000 төгрөг

Явж ирэх хооронд ажлаасаа авах цалингаа бодохгүй байхад л 400,000-500,000 төгрөгийн бодит зардал гардаг. Өрх толгойлон үлдсэн ганц бие ээжийн хувьд энэ мөнгө нь сард төлдөг байрны зээлтэй минь тэнцэх хэмжээний мөнгө юм.

Үр хүүхдийнхээ боловсрол мэдлэг, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө хэдэн бор төгрөг илүү олох гэж өөрийн хүсэл мөрөөдөл болон эзэмшсэн мэргэжлээ орхин нүүрс тээвэрт ажиллаж яваад амиа алдсан ханийг минь янхан жолоочоор нь дуудаад зогсох ажил олгогч

  • Үндсэн үйл ажиллагаа нь олон улсын тээвэр эрхлэх гэж ААН-н улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн байхад байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулах ёстой гэсэн үүргээ мэдсээр байж албаар биелүүлэлгүй түүнийгээ давуу тал болгон манай ажилтан биш гэж хэрэгт ичих ч үгүй мэдүүлэг өгч хэргээс мултрах арга
  • Цалин хөлсийг нь хятад талд бэлнээр жолоочид гарт нь өгч цалин олгосон санхүүгийн нотлох баримт үлдээдэггүй арга /Энэ арга нь олон хяналт шалгалтын байгууллагын хяналт шалгалтаас цэвэрхэн өөрсдийгөө авран гарах боломж болдог. Жишээ нь НДГ-ын шалгалтаар нотлогдсон байдаг./
  • Мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтүүдийг үл ойшоох арга
  • Мэргэжлийн байгууллагаас авсан лавлагаануудыг үл ойшоох арга
  • Чиглэлийн хууль дүрэм журмыг үл ойшоох арга
  • Хэргийн материалыг хохирогчид хуулбарлан өгүүлэхгүй байх арга
  • Хэрэг шалгаж байсан мөрдөгчийг хэл аманд ороод ирэнгүүт өөр орон нутагруу томилуулдаг гэх мэт аргуудыг хэрэглэн хэрхэн хэргийг хичнээн удаа хаалгаж өөрийн талд үйлчлүүлж байгааг өөрийн нүдээр харж бие сэтгэлээрээ мэдэрч байна.

Олон жил тухайн орон нутагт үйл ажиллагаа эрхэлсэн тээврийн компаниуд  хууль хүчнийхэн, төрийн байгууллагын удирдлагуудтайгаа бараг л ах дүүгийн барилдлагатай болцгоон тэднийг санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэн хахууль өгч өөрсдийн үгнээсээ гаргахгүй болгосон нь ч тухай салбарт жил шахам холилдож яваа хүний хувьд харагдаж байна. 

Одоог хүртэл л хөдөлмөрийн гэрээ байгуулж, бодит цалин орлогоос нь татвар шимтгэлийг нь төлүүлдэггүй хэвээр л байна.

Ажил олгогч нь Компаний тухай хууль, Олон улсын гэрээ конвенц, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Иргэний хууль, Автотээврийн тухай хууль болон эдгээр хуулиудыг даган гаргасан захиргааны арга хэмжээний актуудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хэргээс мултрах зугатах үндэслэл болох ёсгүй гэдгийг та  бүхэн хууль санаачлагч, хууль хэрэгжүүлэгч дээд байгууллагын удирдагчийн хувьд сайтар мэдэж буй за.

Өдийг хүртэл Нийгмийн даатгалыг нь ажил олгогч төлөөгүйгээс болж миний 1-8 настай үлдсэн 3 хүү минь тэжээгчээ алдсаны тэтгэмж болон бусад тэтгэмжээ авч чадалгүй хохирч явна.

  • Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гарган шалгуулахад цалин олгосон нотлох баримт байхгүйгээс болж нөхөн төлүүлж чадахгүй байна гэсэн мухардалд орж
  •  Иргэний хэргийн шүүхэд хандахад эрүүгийн хэрэг шийдвэрлэсэний дараа шийдвэрлэнэ хэмээн хэргийг түдгэлзүүлэн
  •  Мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан дүгнэлтийг буруу гаргасан байна хэмээн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байгаагаас нь харахад нүүрс тээврийн цүнхний гэх тодотголтой компаниуд хуулийг хэрхэн уландаа гишгэж доромжилж тохуурхаж байгааг харж болно.
  • Нүүрс тээврийн цүнхний компаниуд хэрэг зөрчил гаран асуудал үүсэхэд хуулийнхнийг хахуульдах, мөн ААН-ээ татан буулгаж шинээр ААН байгуулан тээврийн хэрэгслээ шилжүүлэх аргаар хариуцлагаас бултах тохиолдол байна. Омогт цагаан шонхор транс ХХК гэхэд шинэ компани байгуулан КОАЛЮШН ЛОЖИСТИК ЭНД МИНЕРАЛС ХХК нэртэй болсон байх жишээтэй. 

Ачаа ачих Тусгай эрх олгож буй байгууллага албан тушаалтнууд нь ч хууль зөрчиж байгааг нь мэдсээр байж хээв нэг угаасаа стандартад нийцэх тээврийн компани байхгүй хэмээн өөхшүүлэн ямар нэгэн хязгаарлалт хийдэггүй хандлага жишиг тогтсон байх юм.  Харилцан уялдаа холбоо байхгүй, тус тусын амбицыг хөөсөн Хууль дүрэм стандартаа мөрдүүлж чадахгүй хууль хяналтын байгууллага байгааг ч энд нуух юун. Сайн харвал төрийн бус хэдэн байгууллага нь айлган сүрдүүлж зарим захаас нь цэгцэлж байх шигээ.  Төрөөс томилогдон ажилладаг ажлын хэсэг гэх тодотголтой хэдэн дарга нар нь хар жийп хөлөглөн цуваа болгон давхилдаж очоод нөгөө хэдэн нүүрний арьсаа хамгаалахаар бэлдсэн хурган дарга нарын илтгэлийг сонсоод, бэлдсэн цайллаганд нь ороод өнгөц дүгнэлт гаргаад л засагт хүргэдэг байдал ч байгаа шүү . Үнэхээр засч залруулах гээд ганцаар зүтгээд бусад шударга хандсаныхаа төлөө шударга бус нөхөддөө хавчигдан гадуурхагдаж буй цөөнх болох төрийн байгууллагын ажилчид ч буйг энд дурдах нь зөв байх.

Нийтлэг хохирсон олон иргэдтэй биечлэн болон биечлэн бус холбогдож уулзаж олж авсан мэдээлэл, өөрт тохиолдсон бодит байдал дээрээ тулгуурлан бичлээ.

Хурдан морио хүртэл машинд дайрагдахад нь хэдэн зуун саяаар үнэлүүлэн хохиролоо барагдуулж авч чадаж байхад эрдэнэт хүний амийг оршуулгын зардлыг нь л өгөөд ажил олгогчийг хариуцлагаас мулталдаг хууль хүчний авилгалд идэгдсэн албан тушаалтнуудын увайгүй үйлдэл нүүрс тээврийн салбарт жишиг тогтсон байна.

Миний бие энэ тогтсон жишгийг эвдэж дахин энэ замд хохирсон дээрээ хохирдог тогтолцоог байхгүй болгохын төлөө эцсээ хүртэл тэмцэх болно.

ИРГЭН БУЙ ДОР ТӨР ОРШИН ТОГТНОЖ
ТӨР ОРШИН БУЙ ДОР ХУУЛЬ ОРШИНО

гэдгийг нотлон хохирсон өөрийн гэр бүлээ болон бусад хохирсон олон иргэдийг хамгаалан тэдний итгэлийн оч болон цаашид шат дараалалтай хатуу шаардлага тавин тэмцэхээ үүгээр мэдэгдэж байна.

Улсын экспортын орлогыг бүрдүүлдэг уул уурхай, тэр дундаа нүүрс тээврийн салбараас өрхийн амжиргаагаа залгуулж буй тээвэрчид тэдний гэр бүлийн гишүүдийн хэдэн арван мянган иргэний эрх ашгийг хамгаалалгүй харсан ч хараагүй юм шиг мэдсэн ч мэдээгүй юм шиг нүдээ анин өнгөрөөх вэ эрхэмүүдээ.

Төрийн их өндөрлөг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд, Улсын их хурлын дарга та бүхэнд энэхүү цөхөрсөн захидлын эцэст  тус тусын эрх үүргийн хүрээнд  дараах 3-хан зүйлээр туслахыг хүсье.

 1. Хэргийн харъяаллыг солин Улаанбаатар хотруу татан ирж үнэн зөвөөр шалгуулж шийдүүлж  өгнө үү. Цаашид дахин орон нутгийн хуулийн байгууллагад итгэхгүй байна. 

2. Шүүх хууль хяналтын байгууллагад хийж буй цэвэрлэгээгээ үргэлжлүүлэн хийж над шиг энгийн иргэдийн хэргийг үнэн зөвөөр шийдүүлдэг байхад хяналт тавих

3. Хохирсон иргэдэд хүрч ажиллах нийгэмд чиглэсэн бусад ажлуудыг зохион байгуулах  /сан байгуулах, хууль эрх зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх төв байгуулах гэх мэт/

Төр түмэн минь амгалан байх энх цагийг хамтдаа бүтээхээр зүтгэнээ.

Монгол улсын иргэн Жаргалын Туул

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн