Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэр бүлийн хамт АНУ-д хөл хорионд оржээ

 Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэр бүлийн хамт АНУ-д хөл хорионд оржээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа билээ.

Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид нэг сар саатуулсан юм.

Улмаар Ч.Сайханбилэгийг цагдан хорих хугацаа дуусмагц Прокурорын байгууллагаас хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьж, батлан даалтад гаргаад байсан.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2019 оны наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлуулах хүсэлт гаргасны дагуу түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг шүүх гаргаад байсан юм. Энэ шийдвэрийн дараа Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсыг орхин гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шүүхээс зөвшөөрсөн хугацаагаа гурван удаа хэтрүүлсэн тул түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлсэн байдаг.

Тэрбээр 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр албаны дипломат паспортоор АНУ руу зорчсон ба 2020 оны нэгдүгээр сард Монгол Улсад ирэх тухайгаа албан ёсоор мэдэгдсэн аж. Гэвч Ч.Сайханбилэг дээрх хугацаанд багтаж ирээгүй бөгөөд нэгдүгээр сарын 23-ны өдөр “Амстердам Партнерс”  Олон улсын хуулийн фирмийн Лондон дахь төлөөлөгчийн газраас түүнийг өмгөөлөхөөр болсныг зарласан байдаг.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ч.Сайханбилэгийн том охин Лондон дахь өмгөөллийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэр бүлийн хамт АНУ-д хөл хорионд оржээ.

Одоогоор Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дууссан ба хавтаст хэргийг прокурор хянаж байгаа гэх мэдээллийг албаныхан өглөө. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн