Ч.Хүрэлбаатар: 200 мянган төгрөгийг хэдэн хүнд олгохыг мэдэхгүй байна

 Ч.Хүрэлбаатар: 200 мянган төгрөгийг хэдэн хүнд олгохыг мэдэхгүй байна

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 200 мянган төгрөгийг төрийн шийдвэрээр үйл ажиллагаа нь зоссон гэхдээ ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилтнуудад олгохоор шийдвэрлэсэн. 

200 мянган төгрөг олгох хамрах хүрээг мэдэхгүй байна. Шийдвэр гараад үйл ажиллагаа нь доголдсон их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэг, хувийн хэвшлийн ААН-үүд бүгд хамрагдана.

Гэтэл нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. УОК-оос ч юм уу шийдвэр гаргаад ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоовол тэдгээр ААН-үүд бүгд хамрагдана. Мөнгийг хувь хүнд олгоно.

16:29 2020/04/07

Үргэлжлүүлэн Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Засгийн газраас энэ долоон хуульд өөрчлөлт оруулах түр зуурын арга хэмжээ авч байна. Төсвийн тодотгол, мөнгөний бодлогыг оруулж ирээгүй үед үүнийг цогц арга хэмжээ гэж хэлэх боломжгүй. Хүүхдийн мөнгөнөөс бусад нь эдийн засгийг дэмжих арга хэмжээ харагдахгүй байна. 

Гашуун Сухайт, Тавантолгой дээр онцгой байдал тогтоох шаардлагатай байна. Тэнд өдөрт 500 гаруй машин нүүрс тээвэрлэн гаргадаг байсан бол өнөөдөр 40-хөн машин гарч байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ноолуурын 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр нь хаанаас гарч байгаа юм бэ. Малчдад ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах уу гэдэг хүлээлт байна. Үүнд хариулт өгнө үү. 

Хөгжлийн банк Монголбанканд ирээгүй байгааг хэлье. Засгийн газраас 300 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Хөгжлийн банкнаас санхүүжнэ. Улсын төсвөөс Хөгжлийн банкны олгох зээлийн хүү, ноолуур худалдаж авах хүү хоёрын хооронд есөн хувийн хүү буюу 27 тэрбум төгрөг байгаа. Үүнийг шийдсэн. 

Экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газар авч байгаа. Дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар Гашуу Сухайт, Тавантолгой, Ханги Мандал боомтоор нүүрс ачсан 211 машин гарсан. Энэ нь анх гарч байсныгаа болвол нэмэгдсэн тоо. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Хөгжлийн банк, ХХААХҮЯ, Сангийн яам хооронд бодлогын гэрээ байгуулсан. Одоо арилжааны банкуудтай гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Энэ гэрээ байгуулагдсанаар ноолуур бэлтгэлийн зээл олгож эхэлнэ. Ноолуур бэлтгэх зээлийг банкны шаардлага хангасан бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэр, ААН-ийн дансанд шилжүүлээд энэ данснаас ноолуур зарсан малчдын дансанд дамжуулан шилжүүлэх ажлыг зохион байгуулна. 

Энэ жилийн хаврын тариалалтыг өргөтгөн зохион байгуулах, ажлын байрыг хадгалах, хүн амын хүнсний нөөцийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд зээлээр дэмжих асуудлыг Засгийн газраас боловсруулж байна. 

16:21 2020/04/07

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Кибер аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй. Хаалттай хуралдааныг хэрхэн зохион байгуулах вэ. УИХ-ын гишүүд Төрийн ордны албан өрөөнөөсөө хуралдаанд оролцоно гэж байна. Хэрэв Төрийн ордныг карантилбал яах вэ. Гишүүд өөр газраас цахим хуралдаанд оролцож болох уу. 

Цахим хуралдаан хийж байгаа үед үг хэлж, санал хэлэх хугацаа ердын горимоор явах юм уу. Онцгой нөхцөлд хуралдаж байгаа учраас энэ хугацаа арай бага ёстой байх. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн шиг онцгой нөхцөл, цахимаар хуралдаж байх үед цаг барихгүй байгаа гишүүдийг яах вэ. УИХ-ын чуулганы дэгэд өөрчлөлт оруулж байгаа дээрээ цаг, дэг баримтлахгүй байгаа гишүүнийг хуралдаанд оролцуулахгүй, үг хэлэх эрхийг нь хасах зэргээр хуульчлах шаардлагатай байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хоцорсон тасалсан гишүүдэд хатуу хариуцлага тооцож, Ёс зүйн дэд хорооны дарга олон нийтэд мэдээлж байх үүргийг өгч байна. 

УИХ-ын гишүүн Д.Цогзолмаа: Хэлэлцэх асуудлыг эрэмблэх асуудлыг онцгой нөхцөлд ажиллах дэгэд оруулах саналтай байна. Онцгой нөхцөл байдал нь биднээс эдийн засгийн стратегийг шаардаж байна. Техникийн шийдэл, шинэчлэлүүдийг энэ цаг үетэй уялдуулан шийдэх шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: COVID 19-тэй холбоотой тусдаа хууль гаргах саналтай байна. Хүний эрхийн зарим асуудлыг энэ хуулиар зохицуулах шаардлагатай байгаа. 

Гишүүдийн үг хэлэх хугацааг хязгаарлаж, мэтгэлцэх зарчмыг алдагдуулж болохгүй. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Д.Лүндээжанцан гишүүний оруулж ирсэн хуулийн төсөлд цахим хуралдааныг зохион байгуулах тухай л асуудал байгаа юм.  Яагаад цахимаар хуралдаж байгаа гэдэгтээ илүү анхаараач. 

Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй олон зүйл байна. 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хуралдааныг Төрийн ордны таван танхимд явуулж байгаа учраас санал хураалдыг цахимаар явуулах боломжгүй байгааг УИХ-ын дарга хэллээ. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх санал хураалтыг гишүүд гар өргөн явуулав. Өнөөдрийн хуралдаанд нийт 57 гишүүн оролцож байгаагаас 46 гишүүн дэмжиж, 80.7 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

Санал хураалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Гишүүдийн гаргасан саналыг дагуу ёс зүй, ирцийн асуудлыг дэгийн тухай хуульд тусгах шаардлагатай байгаа. Дэлхийн жишгээс харахад парламетаар хэлэлцэх хуулийн төслийг хялбаршуулсан журмаар хэлэлцэн, баталж байна. 

Тиймээс коронавирусийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг баталсны дараа хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байна” гэв. 

Ийнхүү уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

15:27 2020/04/07

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган цахимаар хуралдаж байна. Коронавирусийн халдвараар сэргийлэх зорилгоор УИХ-ын гишүүд Төрийн ордны таван танхимд хуваагдан цахимаар хуралдаж байгаа билээ. 

Өнөөдрийн хуралдаанаар онц байдал, дайны болон дайн бүхий байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд УИХ цахим хуралдаан хийх болон цахим хуралдааныг ямар дэгээр явуулж байхыг тухай УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.   

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засагт үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээг яаралтай авахын тулд Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэн батлах шаардлага бий. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг өнөөдөртөө багтаан хэлэлцэн батлах юм байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн