МАН БҮЛЭГ: Төрийн, орон нутгийн төсөвт байгууллагаас бусад БҮХ ААН-ийг НДШ-ээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ

 МАН БҮЛЭГ: Төрийн, орон нутгийн төсөвт байгууллагаас бусад БҮХ ААН-ийг НДШ-ээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ

МАН-ын бүлгийн хуралдаан 14:00 цагт эхэлж, 18:30 цагт дууссан бөгөөд бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга Я.Содбаатар, Б.Саранчимэг нар мэдээлэл хийж байна. 

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Уг тогтоолын төсөл болон төслийг дагалдаж өөрчлөлт орох хуулийн төслүүдийн талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. 

Ингээд бүлгээс Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн долоон арга хэмжээг цаг үеэ олсон гэж үзэж байгаа бөгөөд төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй байна гэж үзжээ. Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй долоон арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн, саналуудыг энэ долоо хоногт багтаан УИХ шийдвэрлэх ёстой гэж үзэж буй бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлтийг олгохдоо ялгаварлахгүй байх ёстой гэсэн байр суурийг барьж, тооцоо судалгааг хийж байна гэв. 

Төслүүдтэй холбоотой ГУРВАН САНАЛЫГ оруулахаар болжээ. Үүнд: 

  1. Нийгмийн даатгалын шимтгэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх асуудалд төрийн албан хаагч, төсөвт байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж, түүнд ажиллагсад, олон улсын төсөл хөтөлбөр, улсын болон орон нутгийн төсвөөс ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдийг чөлөөлөхгүй байх гэсэн заалтыг хэлэлцээд төрийн албан хаагчдын хувьд цалин буурахгүй байгаа, төсөвт байгууллагын хувьд орлогод өөрчлөлт ороогүй, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг чөлөөлөхгүй байх нь зөв гэж үзсэн байна. Харин олон улсын зээл тусламж, улсын болон орон нутгийн төсвөөс ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд эдгээр татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. Бүх ААН-д ижил тэгш хандах үүднээс төрийн болон орон нутгийн төсөвт байгууллагаас бусад бүх ААН-ийг энэ хөнгөлөлтөд хамруулах нь зүйтэй гэж үзжээ. 
  2. Хоёрдугаарт, НДШ төлдөг ААН-ийн үйл ажиллагаа доголдсон тохиолдолд тухайн ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгох заалтын тухайд ажлын хэсэг гарч, судалгаа тооцоо хийж, ялгаварлахгүй байх чиглэлд анхаарахаар болсон байна. 
  3. НДШ-ийг чөлөөлөх асуудалд их, дээд сургуулиуд орхигдож байгаа тул тэднийг ч мөн чөлөөлөх нь зүйтэй гэсэн санал тус тус орж байна. 

Мөн бүлгийн хурлаар банкны салбарын реформ болон ипотекийн зээлийн асуудлаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулсан байна. 

Иргэдийн төлж буй НДШ-ийг чөлөөлсөн хэдий ч дэвтэрт бичилт хийхдээ одоо төлж буй хэмжээгээр нь бичих юм гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тодотголоо. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн