С.Амарсайхан: Намайг үгүйсгэж, доромжилж болно оо. Гэхдээ хөдөлмөрлөж, өдөр шөнөгүй зүтгэж байгаа ажилчдадаа хүндэтгэлтэй хандаарай

 С.Амарсайхан: Намайг үгүйсгэж, доромжилж болно оо. Гэхдээ хөдөлмөрлөж, өдөр шөнөгүй зүтгэж байгаа ажилчдадаа хүндэтгэлтэй хандаарай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Сүхбаатарын талбайн ногоон байгууламжийн асуудлаар видео live хийсэн. Түүний яриаг тодруулан хүргэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: Сайн байцгаана уу, Нийслэлчүүд ээ. Та бүхэнд мэдээлэл өгье гэж бодлоо. Иргэд ногоон байгууламжийн талаар буруу мэдээлэл авч, үл ойлголцол бий болоод байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй бол болохгүй нь ээ. Ногоон байгууламжаа бид устгах, тайрах, тасдах ямар ч шалтгаан байхгүй. Харин улам сайхан тохижуулж, өнгө үзэмжтэй болгоё гэж байгаа юм. Бид 21-р зуунд ажиллаж, амьдарч байгаа. Бидний хийх гээд байгаа ажлын нэг хэсэг болох усан оргилуурыг ганцхан яриад байгаа болохоос биш нойлоо янзалъя, хэдий ногоон байгууламж гэж байгаа хэдий ч улаан шороогоороо эргэчихсэн хөрсийг нь шинэчлье, зүлгэжүүлье, автомат усалгааны систем бий болгоё гэж байгаа юм. Энэ цэцэрлэгт ногоон байгууламж цаашид Улаанбаатар хотын захын, төвийн дүүрэг, олон нийтийн талбай гээд бүх газар жишиг болж яваг. Хот стандарттай болох нэг эхлэл нь эндээс эхэлж байна. Усан оргилуур хийж байгаа газар жилийн дөрвөн улирал ашиглагдана. Энэ талбайд гэр бүлээрээ өвөл, зунгүй ирээд аятайхан орчинд цагаа өнгөрөөдөг, өвөл нь мөсөн коток дээр, зуны дэлгэр цагт задгай театрт залуучууд дуу хөгжмөө тоглодог, хэн дуртай нь ирж өөрсдийнхөө авъяасыг нээдэг байх хэрэгтэй. Энэ чинь орчин үеийн хот шүү дээ. 65 хувь нь 34-с доош насны залуучууд байна. Өнөөдөр хүн болгоны санааг зовоосон зүйлүүд зөндөө байгаа. Үүнийг би мэдрэхийн дээдээр мэдэрч байна. Гэхдээ энэ асуудлын хажуугаар бид хийх ёстой ажлаа хийх хэрэгтэй. Уг ажлыг ямар нэг хувийн компани хийгээд байгаа зүйл байхгүй. Хувийн компани, ААН ч бай ард нь хөдөлмөрлөж байгаа тантай адилхан иргэн хүн бий. Хот тохижилтын 700 гаруй албан хаагчид эндээсээ цалинждаг юм. Эдгээр хүмүүс үүрийн таван жингээр гарч, үдшийн бүрийгээр гэртээ ирдэг. Өдөр, шөнөгүй сайлуулж, муулуулж та бидний хамгийн бохир зүйлүүдтэй хутгалдаж, зууралдсаар гэртээ харьдаг. Энэ хүмүүсийн ажлыг нь хийлгэцгээе. Үүгээр яваад байгаа тэр залуучууд үнэхээр хийх, хэлэхээ олж ядсан юм бол тэр улс төрөө хаяад иргэдэд чиглэсэн ажилд оролц. Энд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийн ажлыг тайван хийлгээч. Бид ажлаа хиймээр байна. Ажлын хажуугаар хэрэгтэй, хэрэггүй зүйлд анхаарал хандуулмааргүй байна. Улс төр хийх гэж байгаа бол сонгуулийн хэд хоногтоо улс төрөө ярина уу, хэн нэгнийг үгүйсгэнэ үү тэр та бүхний асуудал. Намайг та бүхэн үгүйсгэж, доромжилж, гүтгэж болно оо. Гэхдээ энд хөдөлмөрлөж байгаа, өдөр шөнөгүй зүтгэж байгаа ажилтан, албан хаагчдадаа хүндэтгэлтэй хандаарай та бүхэн.

Бас нэгэн зүйлийг онцлон хэлье. Энэ талбай өмнө нь банкны арван сая ам.долларын барьцаанд тавигдсан байсан. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн эрхийг нь цуцалж, нийслэл буцааж авсан. Цаашид дахин хэн нэгэн хүний хувийн эзэмшилд очин байшин барилга болохгүй. Төв талбай нь байхгүй болох энэ эрсдлээс урьдчилан сэргийлж, энэ ажлыг бид зайлшгүй хийх ёстой. Уг ажлыг зохих ёсных нь дагуу хийж, иргэд маань ая тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн талбай болно. Хэн ч үүнд халдах ёсгүй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн