АН-аас иргэдэд 1,260,000 төгрөгийн тэтгэмж олгох санал гаргалаа

 АН-аас иргэдэд 1,260,000 төгрөгийн тэтгэмж олгох санал гаргалаа

АН-аас эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэх саналаа Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Гэвч өнөөдрийг хүртэл АН-ын саналд эрх баригчид хариу өгөөгүй байна. Энэ талаар болон, цаг үеийн асуудлаар УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай АН-ын саналыг Засгийн газар хүлээж авахгүй байгаа нь байж болшгүй зүйл. Эрх баригчид энэ асуудалд өөрийнхөөрөө дураараа хандаж байна. 

Ерөнхий сайдын мэдэгдэл, Сангийн сайдын мэдээлэл хоёр хоорондоо маш их зөрүүтэй байна. 

Өнөөдөр эдийн засгийн эрсдлээс хамгаалах цэгцтэй бодлого байхгүй байгаа. Эрх баригчид бүх талын шаардлагыг хүлээж авч, авах арга хэмжээндээ бидний саналыг тусгах ёстой гэж харж байна. 

Монголын эдийн засгийн уналт 5-6 хувь буурах юм шиг байна. Бид бодит байдлыг үнэнээр нь харах чадвартай байх ёстой. 

Өнөөдөр экспортын орлого маш их хэмжээгээр тасрах төлөвтэй болж байна.

Өмнө нь 500 гаруй машин нүүрсний тээвэрт явдаг байсныг 40-хөн машин явуулчихаад экспорт гарч байна. Үүнийг нүүрс гарч байна гэж шоудаж болохгүй. Иргэн, комдани бүрийг хамгаалах үүрэг бидэнд оногдож байгаа. Бизнес, эдийн засаг, иргэдээ ялгаварлахгүйгээр хамгаалах үүрэг бидний өмнө байна. Нөхцөл байдал ийм байна. 

Ажил хийдэг, хийдэггүй, том жижиг компани гэж байхгүй бүгд адил нийт иргэдээ яаж хамгаалах вэ гэдэг төрийн бодлого байх хэрэгтэй. Тиймээс бид өмнө нь хүргүүлсэн УИХ-ын тогтоолын төслөө дахин хүргүүлнэ” гэлээ. 

АН-аас боловсруулсан тогтоолын төсөлд нийт таван багц, 38 арга хэмжээг тусгажээ. Үүнд хамгийн эхэнд төсөвт тодотгол хийх шаардлагыг тодорхойлсон байна.

Уг тогтоолын төсөлд тусгасан АН-ын саналуудыг танилцуулж байна.

  • Бизнесийн зээл олголт, дахин санхүүжилт хийх боломжоор хангах зорилгоор улсын төсөвт хөрөнгө оруулалт хэлбэрээр тусгагдсан чухал шаардлагагүй хөрөнгө оруулалтыг тэвчиж, банкны системийн 3 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн шугамын эрхийг банкуудад нээж өгөх,
  • Төсвөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудлыг санхүүжүүлж Корановирусийн гамшгаас үүдэлтэй ажилгүй болсон иргэдэд гамшгийн хор хөнөөл арилах хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сараар тооцож нийт 1,260,000 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмж авах хуулийн хугацаа дууссан өдрөөс эхэлж олгох,
  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд заасан дараах урсгал зардлыг бууруулах. Үүнд:
    – төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зардал;
    – төрийн байгууллага, албан тушаалтны том оврын автомашин, утас, томилолт, баяр ёслол, хурал, уулзалт, зөвлөгөөн болон                            хангамжийн бусад зардал;
  • Арилжааны банкуудын зүгээс аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн хуваарийг шинэчлэхэд Монголбанкнаас зохих бодлого чиглэл гаргах, 
  • Ажлын байрыг хэвээр хадгалсан аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй санхүүжилт олгох;
  • Аж ахуйн нэгжүүдийг Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс бүрэн чөлөөлөх;
  • Коронавирусийн халдвар авсан буюу сэжигтэй нөхцөлд байгаа иргэдийг байрлуулсан эмчилгээний болон хамгаалалтын бүсэд үүрэг гүйцэтгэж буй эмч, эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид, холбогдох бусад ажилтанд энгийн үед олгодог үндсэн цалинг нь 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин, хөлс, урамшуулал олгох,
  • Төрийн орон сууцны корпорацын Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдаж түрээсийн байранд амьдарч байгаа иргэд, айл өрхийн түрээсийн төлбөрийг 3 сараар чөлөөлөх, 
  • 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж, 6 сарын хугацаатай болгох.
  • Коронавирусийн халдвар авсан өвчтөнийг эмчлэх зорилгоор Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон бусад улс орноос эмч, эмнэлгийн ажилтан урих, Монгол Улсад нэвтрүүлэх, тусгай үүргийн онгоцоор авч ирэх.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн