Сэлэнгэд тусгаарлагдсан Иргэн А гэрийн дэглэм сахисан ч харзны усанд орсон

 Сэлэнгэд тусгаарлагдсан Иргэн А гэрийн дэглэм сахисан ч харзны усанд орсон

Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр гуравдугаар сарын 10-ны өдөр эх орондоо ирж, сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдаад буй Мандал сумын харьяат иргэн А-гийн  талаар Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт судалгааны хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.


-Та хэлэхдээ Зүүн хараад сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан иргэнийг өөрийгөө 14 хоног тусгаарлах зөвлөмж өгсөн гэлээ. Иргэн А-г шууд тусгаарлах арга хэмжээг яагаад аваагүй вэ. Мөн тухайн иргэнийг тусгаарлагдах хугацаанаасаа өмнө гадуур гарсан гэх хардлага байна?

Иргэн А нь гэртээ тусгаарлагдаж байсан. Гэрийн дэглэм сахих хугацаандаа эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг сайн дагаж мөрдөж байсан юм билээ. Харин бидний авсан мэдээллээр тусгаарлагдах хугацааныхаа дараа нь харзны усанд орсон байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа учраас түүнээс шалтгаалж,  даарсан ч байж болох юм гэж үзэж байна. Ер нь тусгаарлалтад байгаа хүний сэтгэлзүйд өөрчлөлд орно. Гадуур гарахгүй, гэртээ хүн урихгүй байдаг учраас хүнтэй уулзмаар санагдах, гадуур хоол идэх, усанд орох зэрэг хүсэл  төрдөг.

Гэхдээ тухайн иргэн нь Турк, Энэтхэг, Солонгос гэсэн өвчлөл гарсан гурван орноор аялсан өгүүлэмжтэй, уушгиндаа хатгааны шинж тэмдэгтэй байгаа учраас сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарлалтад авсан.

-Тусгаарлах байрнаас гарсан иргэд гэрийн дэглэм сахиж 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж ажиглах шаардлагатай гэдгийг сануулсаар байгаа. Гэвч энэ зөвлөмжийг хүн бүр дагаж мөрдөх нь бас эргэлзээтэй. Тэгэхээр тусгаарлах байрнаас гарсан иргэдийн гэрийн хаягт нь тусгаарлагдаж байна гэх хаяг, тэмдэг байршуулах хэрэгтэй юм биш үү?

-Онцгой байдлын ерөнхий газраас тусгаарлалтад байсан иргэдийн гэрийн хаягт нь тэмдэг наах арга хэмжээг авч байгаа юм билээ. Тусгаарлалтын асуудлыг Улсын онцгой комиссын дэргэдэх онцгой байдлын штаб шийдвэрлэж байгаа.

-Өнөөдрийн байдлаар тусгаарлах байрны хүрэлцээ хэр байна вэ?

-Тусгаарлах байрны хүрэлцээ асуудалтай байгаа. Иргэдийг  21 хоногийн хугацаанд тусгаарлаж байгаа. ХӨСҮТ-д коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн, өвчлөл гарсан орнуудаар аялсан түүхтэй анхаарал татсан иргэдийг тусгаарлаж байгаа. Бусад сэжигтэй тохиолдлуудыг  бусад тусгаарлах байруудад эмнэлгийн хяналтад авч байна. Ерөнхийдөө тусгаарлах байрны асуудлыг Улсын онцгой комиссын штаб хариуцаж байгаа. Эрүүл мэндийн асуудалд Эрүүл мэндийн байгууллагаас голчлон анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-Тусгаарлах хугацаанд 14-21 хоног гэж заасан. Үүнээс илүү хугацаагаар тусгаарлах боломжтой юу?

-Коронавирусийн халдвар нь шинэ учраас  өдөр бүр мэдээлэл шинэчлэгдэж байна. Одоогийн байдлаар 21 хоногоор тусгаарлаж байна. Магадгүй өвчлөлийн шинж тэмдэг өөрчлөгдвөл дагаад тусгаарлах хугацааг шийдвэрлэх байх. Энэ асуудлыг одоогоор мэдэхгүй.

– Хөрсний бохирдол, гүний уснаас халдвар нийтийн дунд тархах эрсдэлтэй юу?

-Коронавирус нь хлорт маш мэдрэг. Тиймээс ундны усыг хлоржуулдаг учраас халдвар дамжих эрсдэл бага. Харин  хөрсний бохирдлын 70 гаруй хувийг эзэлдэг  гэр хорооллын ил задгай нүхэн жорлонгийн асуудал  анхаарал татаж байна.

Хэрэв коронавирусийн халдвар нийтийн дунд тархвал ундны ус, бохир онцгой анхаарал хандуулах зайлшгүй асуудлын нэг мөн.

-Коронавирусийн халдвар нь шинж тэмдэггүй байдлаар тархаж байгааг мэдээллээ. Монгол Улсын хувьд шинж тэмдэг илэрсэн болон сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлаж байгаа. Шинж тэмдэг илрэхгүй байгаа өвчтөнүүдийг  эмнэлзүйн ямар аргаар илрүүлэх боломжтой вэ?

-Дэлхий нийтэд коронавирусийн өвчлөлийн  тохиолдлуудын 30-40 хувийг шинж тэмдэггүй хэлбэрээр тархаж байна гэж үзэж байгаа. Халдварын эхний үед шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг өвчний ангилалд  бүртгэхгүй байсан. Өчигдрөөс эхлэн БНХАУ-д 1541 тохиолдлыг шинж тэмдэггүй өвчтөний ангилалд оруулсан. Шинж тэмдэггүй хүмүүс өвчний нууц үеийн эхэнд халдвар тараах өндөр эрсдэлтэй. Ийм учраас дэлхий дахинд амны хаалт зүүхийг анхааруулж байна. Ялангуяа 0-15 насны хүүхдүүд шинж тэмдэггүй хэлбэрээр өвдөж өвчлөл тараах вирус тээгч болж байна. Тиймээс амны хаалт зүүх хэрэгцээг сайжруулах талаар зөвлөмж өгч байгаа. Амны хаалт зүүх нь шинж тэмдэггүй өвчтөнөөс халдвар тархах эрсдэлийг бууруулж буй туршлагыг БНХАУ-аас харж болно.

Эх сурвалж : news.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн