Хөл хорионоос гарсан иргэн Улаанбаатарт ирж, архидан согтуурсан

 Хөл хорионоос гарсан иргэн Улаанбаатарт ирж, архидан согтуурсан

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.03.30/ мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар 2516 хүн тусгаарлалтад байгаа УОК-ын 14-р хуралдааны тэмдэглэлд 14 хоног тусгаарлах хүмүүсийн хугацаа дууссан болохоор 200 хүнийг гаргасан. Тусгаарлалтаас гарсан иргэд өөрийгөө гэртээ мөн тусгаарлах ёстой. Сэлэнгээс хөл хорионоос гарсан нэг иргэн гэртээ дэглэм сахих ёстой байтал Улаанбаатар хотод ирээд гурав хоног архидан согтуурсан хэрэг гарсан. Тийм учраас иргэн бүхэн дор бүрнээ хариуцлагатай баймаар байна.

“Нэг иргэн-Нэг өрөө” гэсэн стандартаар 320 гаруй хүнийг авч тусгаарлах боломж бидэнд байгаа. Үүний хүрээнд зарим томоохон зочид буудлыг дайчилна. Өнгөрөгч бүтэн сайн өдрөөс эхлээд гадаадаас ирсэн иргэдийн ачааг олгож эхэлсэн байгаа. Ачаануудыг 14 хоног байлгаж, одоо ачааны гадна талыг ариутгаад, түрүүчээс нь олгож эхэлсэн. Гадагшаа явж байгаа иргэддээ сануулахад, гамшгаас хамгаалах онцгой дэглэм дуусах хүртэл та бүхэн тухайн улс орондоо байх шаардлагатай гэдгийг дахин хэлмээр байна. Тийм учраас гадагшаа явж байгаа иргэд маань хувийн ажлаа маш сайн төлөвлөөрэй. Оччихоод эргэж ирнэ гэсэн асуудал байхгүй гэдгийг хэлье” гэв. 

Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гаднын улс орнуудаас ирэх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг Гадаад харилцааны яам бүгдийг нэгтгэн авч байгаа. Цахимаар хүсэлтүүдийг аваад эхэлсэн байна. АНУ-аас 1000 гаруй хүн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байгаа. Гэхдээ иргэдийн дунд Монголоос тусгай онгоц очиж авна гэх ташаа мэдээлэл гарсан байсан. Энэ асуудлыг тодорхой шийдвэрлээгүй байна. Мөн БНСУ руу зорчих гэж байгаа маш олон иргэд байгаа. БНСУ руу МИАТ компанитай хамтран нэмэлт нислэгүүд гаргах тухай ярилцаж байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд тус улсад шинэ журам мөрдөж эхлэх тухай мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, ирэх сарын нэгнээс эхлээд гадаад дотоодын иргэдийг 14 хоног тусгаарлахаар шийдвэр гаргасан бөгөөд иргэн тусгаарлалтын зардлаа өөрсдөө гаргахаар зохицуулсан байна. Нөхцөл байдал цаг, минут тутамд өөрчлөгдөж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Истанбулаас ирэх хүсэлт гаргасан иргэнтэй бид холбоотой байгаа. Тус улсын эмнэлгийн байгууллагаас хүүхдийн биеийн байдлыг хүнд гэж үзсэн учраас онгоцонд суулгаагүй. Эцэст нь хариуцлагатайгаар хэлэхэд Элчин сайдын яам, дипломат ажилчид ажлаа хаяад эх орон руу гаа ирсэн гэсэн ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсэж байна. Манай дипломат ажилчид тухайн улсад монгол иргэн байвал иргэдийнхээ төлөө ажиллах үүрэг хүлээж ажилладаг” гэсэн мэдээлэл өглөө. 

МХЕГ-ын Дэд дарга Г.Сугарбат “МХЕГ-ын даргын шийдвэрээр өнгөрсөн дөрөв дэх өдрөөс хойш хийгдэж байгаа ажлын талаар товч мэдээлэл өгье. Хүнсний болон ачаа тээврийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна. Сүүлийн гурав хоногийн хугацаанд улсын хилээр 435 тонн хүнсний бүтээгдэхүүн орж ирснийг ариутгал халдваргүйжүүлэлтэд хамруулж, гаднын ачаа тээврийн жолоочийн халдвар хамгааллын ажлыг хийж, цагдаагийн хяналтад хилээр буцаан гаргаж байгаа. Харин дотоодын жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тусгаарлалтад авч байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас гол нь гадаадын жолооч нарыг улсын нутаг дэвсгэрт удаан байлгахгүй, аль болох түргэн буцаах арга хэмжээг авч ажиллаж байгаа. Гэтэл өнгөрсөн шөнө Орхон аймагт “Эрдэнэт” үйлдвэрт бараа нийлүүлэхээр ирсэн гадаадын жолоочийг ажлын цаг дууссан гэсэн шалтгаанаар тус аймагт хонуулсан ноцтой асуудал гарсан байна. “Эрдэнэт” үйлдвэр хэдийгээр улсын үйлдвэр ч гэсэн энэ онцгой цаг үед комиссын шийдвэрийг дагаж, хэрэгжүүлж, дэмжих шаардлагатай байна. Шуурхай штабаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг бүх шатандаа мөрдөх хэрэгтэй байна” гэдгийг сануулав. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн