Сайхан мэдээ: Өчигдөр нийслэл, хөдөө орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

 Сайхан мэдээ: Өчигдөр нийслэл, хөдөө орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас /2020.03.29/ ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 201 улсад бүртгэгдсэн бөгөөд АНУ-д гэхэд 14 минутад нэг хүн шинээр халдвар авч, 20 минут тутамд нэг хүн нас барж байгаа аж. Мөн хүүхэд болон залуучууд халдвар тусах эрсдэлтэйг ДЭМБ-аас анхааруулж буй.

ЭМЯ-ын эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “  Тусгаарлах байранд 2843 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байран байгаа иргэд сэтгэлзүйн зөвлөгөө авах шаардлагатай үед  сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс  эмч нар  дуудлагаар очиж зөвлөгөө өгч байна. Бид  ДЭМБ-аас гаргасан зааврыг мөрдлөг болгож ажиллаж байгааг энд онцолмоор байна. Энэ бол аюулт халдварт өвчин учраас эрт тусгаарлан эмчлэх шаардлагатай. Гэтэл сүүлийн үед хэн нэгэн судлаач, сонирхогчид, халдварыг хурдан эмчилж чадна гэхчлэн цахим хуудаснаа попорч бидний үндсэн ажлыг хийхэд саад болж байна.  Бид дэлхийн улс орнуудад хэрэглэж байгаа нотолгоонд суурилан өвчтөнүүдээ эмчилж байгаа” гэв.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт коронавирусийн  сэжигтэй таван хүнийг тусгаарлан, шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ, Дархан, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нийт 32 хүнээс коронавирус илрээгүй. Өнгөрсөн шөнө орон нутаг болон ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Дархан-Уул аймагт коронавирусийн шинжилгээ, оношлогоог хийх боломжтой болжээ. ХӨСҮТ шиг лабораторитой болсон. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал сайн байгаа” гэлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Халдварын тохиолдол 201 оронд бүртгэгдсэн Итали, Испани, АНУ-д эрчимтэй тархаж байна. Монгол Улсын хувьд 12 тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ-ын мэдээллээр нийт шинэ коронавирусийн халдварын 575444 тохиолдол, 26654 нас баралт бүртгэгдсэн байна. БНХАУ болон БНСУ-коронвирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж, хоёр дахь лавлагаа эхэлснийг ДЭМБ-аас анхааруулж буй. Вьетнам, Сингапур улсад халдварын тохиолдол огцом нэмэгджээ. БНХАУ коронавирусийн халдвар импортлогдон орж ирэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг авч байна. ДЭМБ-ын зүгээс энэ долоо хоногт “Токио 2020” олимпийг хойшлуулах шийдвэр гарсныг онцоллоо. ДЭМБ-аас өгч буй аливаа зөвлөмж, дагаж мөрдөх зааврууд коронавирустай тэмцэх тэмцэлд гол чухал гарын авлага болж байна. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн асуудал хариуцсан захирал маргааш цахим хурал хийнэ. Цар тахлын улмаас хөл хорионд орж, гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эрүүл байх нь чухал. Сэтгэцийн эрүүл мэндээ хянах, эрүүл байх нь хүнээс өөрөөс шалтгаална” гэдгийг анхаарууллаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн