Наадмаас бусад баяр, ой, хурлыг 2020 он дуустал ХОРИГЛОХ САНАЛ гаргав

 Наадмаас бусад баяр, ой, хурлыг 2020 он дуустал ХОРИГЛОХ САНАЛ гаргав

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс COVID-19 халдварын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг саармагжуулах арга хэмжээний тухай хэлэлцэж, санал зөвлөмж гаргажээ. (2020.03.16)


ЗӨВЛӨМЖИД


Доорх яаралтай арга хэмжээг авахыг тусгажээ. Үүнд:
 

1. 2020 онд шинээр эхлэхээр төлөвлөсөн үйлдвэрлэлийн бус хөрөнгө оруулалтыг (эхлээгүй, зураг төсөвгүй, тендерээ дүгнээгүй, тоног төхөөрөмж авах гэх мэт) зогсоож, дараа онд шилжүүлэх;

2. Коронавирустэй холбогдсон зардал өсөх нь тодорхой учраас захиргааны зардлыг бууруулах арга хэмжээ авах:

a. Байрны засвар, гэрэл цахилгаан, тохижилт, сандал ширээ, бичиг цаас зэрэг тэргүүн ээлжийн бус зардлын төсвийг 30 хувиар бууруулах,

b. Энэ оныг дуустал элдэв хурал, зөвлөгөөн хийх, ой, баяр тэмдэглэх (Улсын баяраас бусад) сургалт, семинар зохиохыг хориглох,

c. Барих-шилжүүлэх концессийн нөхцлөөр 2020-2021 онд дуусах барилга байгууламжийн эргэн төлөлтөд төлөвлөсөн хөрөнгийг 2021-2022 он болгон хойшлуулах.

3. Энэ оны есдүгээр сарын 01 хүртэл аливаа байгууллагын данснаас данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр элдэв суутгал, татан авалт, дайчлалт хийхгүй, данс хаахгүй байх;

4. Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэх, нэн шаардлагатай бус төсвийн зардлыг эрүүл мэндийн салбарт чиглүүлэх, зардлыг оновчтой хуваарилах талаар арга хэмжээ авах;

5. Эмзэг бүлгийн иргэдийг коронавирусээс хамгаалах арга хэмжээнд зориулан хөрөнгө гаргахыг нийт засаг захиргааны нэгжүүдэд үүрэг болгох;

6. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, санхүүгийн салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг алдагдуулахгүй байх;

7. Зээлийн төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн тасалдал үүсэхээс сэргийлж зарим зохицуулалтын арга хэмжээг түдгэлзүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх;

8. Улс хоорондын үүргийн худалдааг тодорхой хугацаагаар зогсоож, гэрээт худалдаанд бүрэн шилжих.


ТҮҮНЧЛЭН
 

Төсвийн алдагдлыг УИХ-аас баталсан хэмжээнд багтаан, төсөв, санхүүд эрсдэл учруулахгүйгээр төсвийн орлого, зарлагыг зохицуулалт хийж ажиллахыг Засгийн газарт зөвшөөрөх. Энэ хүрээнд доорх ажлыг зохион байгуулах:

Засгийн газар, төр, захиргааны бүх байгууллага, хувийн хэвшил бүхэлдээ экспортын зарим бүтээгдэхүүний тасалдлыг нөхөж, төлөвлөсөн орлогын хэмжээнд хүргэх арга хэмжээг авч ажиллах, гадаад, дотоод талаас экспортод аливаа хязгаарлалт, саад хориг үүсэх нөхцлийг бүрэн хаах.

Ажлын байрыг хадгалах, дотоодын нөөц бололцоо ялангуяа, өвлийн улирал дуусаж, хавар зун, намрын ажлын бэлтгэлийн байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээ авах.

Малаас гарах үндсэн түүхий эд болох 400 гаруй мянган тонн мах, 30 гаруй мянган тонн хонины ноос, 10-аад мянган тонн ямааны ноолуур, 15-аас доошгүй сая ширхэг арьс, ширний нөөц байна. Эдгээрийг цуглуулж эргэлтэд оруулна гэвэл ойролцоогоор 3 их наяд гаруй төгрөг буюу 1.1 тэрбум  ам.доллар гарах юм. Эдгээрийг бэлтгэж, боловсруулж, экспортод гаргахад зориулж 500.0 орчим тэрбум төгрөгийн зээлд 5 хувь нэгж хүүний хөнгөлөлтийг улсаас олгохыг санал болгож байна. Үүнд 25.0 орчим тэрбум төгрөг шаардагдана. Арилжааны банкууд Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран 13 хувийн хүү (бодлогын хүү 10 хувь, банкны зардлаа нөхөх хүү 3 хувь)- тэйгээр дурдсан зориулалтаар экспортлогч аж ахуйн нэгжид олгож, хэрэгжилтийг хангаж чадвал, үйлдвэрүүдэд зээлийн хүүний зөрүү 5 хувийг төсвөөс Хөгжлийн банкаар дамжуулан олгох хувилбар байж болох юм гэж үзэж байна. Үүнд шаардагдах хөрөнгийг төсвийн зардалд хэмнэлт гаргах замаар шийдвэрлэхийг УИХ-аас Засгийн газарт олгож буй бүрэн эрх гэж үзэж болно. Төсвийн орлого маш өндөр шахуу төлөвлөсөн гэтэл дэлхийн зах зээл дээр манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурч байна. Төсвийн орлогын алдагдлыг нөхөх хүчин чармайлт бэрхшээлтэй тулгарч болзошгүй тул төсвийн нийт зардлыг 500 тэрбумаас нэг их наяд төгрөгөөс доошгүйгээр бууруулах тооцоог олон хувилбараар хийж, нөхцөл байдалд нийцүүлэн уян хатан ажиллах шаардлага үүсэж байгааг хүлээн зөвшөөрөх.

Төсвийн зардлын хэмнэлтээс 50-иас доошгүй тэрбум төгрөгийг гаргаж, ЖДҮ- ийн санд хуваарилах.

Дотоодын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид, хэрэглэгчид, худалдан борлуулагчдыг хамруулсан, харилцан уялдуулсан сүлжээнд оролцогчдыг санхүүжүүлэх нэгдсэн механизмыг бий болгож гадаад, дотоодын албан ёсны эх үүсвэр татах талаар хөтөлбөр, арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх. Ялангуяа цахилгаан станц, төмөр замын төслүүдийг гадаадын албан ёсны эх үүсвэрийн санхүүжилтийн оролцоотойгоор өөрсдийн хүчээр гүйцэтгэх.

Татварын 2019 оны шинэчлэлээр аж ахуйн нэгжүүдэд олгох болсон татварын болон бизнесийн олон төрлийн хөнгөлөлтийг (50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид орлогын 1 хувиар, 50-300 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 10 хувиар татвар төлөх, мөн 500-аас дээш км-ийн алслалтай аж ахуйн нэгжийг 50 хувь, 1000 дээш км-ийн алслалтай аж ахуйн нэгжийн татварын 90 хувь хөнгөлөлт) эдлүүлэх ажлыг хөнгөвчилж аж ахуй эрхлэгчдийн мэдлэг мэдээлэлд хүргэх ажлыг далайцтай зохион байгуулах.

Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор батлагдсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт” болон “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам”-д арьс, шир, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хамруулах хугацааг хойшлуулах санал оруулж байна. Сүүлийн жил гаруй хугацаанд мал аж ахуйн арьс, шир үнэ цэнэгүй болсон бөгөөд малчид, худалдаачид арьс, ширийг бэлтгэхэд туйлын хойрго хандаж зарим тохиолдолд их хэмжээний арьс хог хаягдал болж байна. Нөгөө талаар энэхүү тогтоолд дурдсан чанарын тохируулгыг бүх арьсанд хийх хүчин чадал одоогоор бүрдээгүй байна. Арьс, ширний цөөхөн үйлдвэр байгаа ч тэдэнд эргэлтийн хөрөнгө байхгүйгээс арьс ширийг худалдан авч чадахгүй байна. Ийм учраас дээрх хүчин чадал бий болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх зэрэг шалтгаанаар уг тогтоолын нэгдүгээр хавсралтын 41 буюу “Арьс, ширэн түүхий эд, боловсруулсан арьс шир, үслэг арьс болон тэдгээрээр хийсэн эдлэл; суран эдлэл болон тоног хэрэгсэл; аяны хэрэгсэл, эмэгтэй хүний цүнхболон түүнтэй төстэй уут сав; мал амьтны өлөн гэдсээр хийсэн зүйлс (төөлүүр хорхойн утаснаас бусад)” гэсэн хэсгийн хэрэгжилтийг 2023 оноос эхлэхээр өөрчлөлт оруулах.

Төрийн худалдан авалтаар дотоодын үйлдвэрлэлийг шууд дэмжиж, аливаа саад тотгорыг бүрэн арилгахыг санал болгож байна. Үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулахад дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихэд чиглүүлэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн зарим заалтуудыг түр түдгэлзүүлэх, цаашид боловсронгуй болгох шаардлага харагдаж байна. Тухайлбал дотоодын үйлдвэрлэгчдэд давуу эрхийг элдэв тендер, шалгуур үзүүлэлтгүйгээр шууд олгож, гэрээ хийдэг бүрэн эрхийг төсвийн болон төрийн өмчит бүх аж ахуйн нэгжид 2020 оны 5 дугаар сарын 01-нээс эхлэн туршилтын журмаар 2 жилийн хугацаанд олгож, тендерийн хуульд заасан холбогдох заалтуудын үйлчлэлийг түр зогсоох. Энэ хугацаанд тендерийн шалгаруулалтад авч үздэг үнийн харьцуулсан үнэлгээ, барааны гарал үүсэл, өртгийн талаархи мэдээлэл, нотлох баримт бичиг зэргийг хялбаршуулсан байдлаар тогтоох, давуу эрх олгох аргачлал, зааврыг шинэчлэх (төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална) хэрэгтэй болно. Мөн дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг (Засгийн газар батална) нөхцөл байдалд тохируулан өөрчлөх шаардлагатай байна. Төсвийн ерөнхийлөн захирагч, захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг тендер зарлахгүйгээр шууд худалдан авах боломжийг бий болгосон журмыг Засгийн газраас тогтоох, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэргйиг тусгажээ. 

Төсвийн тогтвортой байдлын санал, зөвлөмжийг ЭНД дарж, бүрэн эхээр нь үзнэ үү

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн