Ван И маргааш Монголд айлчилна

 Ван И маргааш Монголд айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И маргааш /2022.08.05/  Монголд  хоёр өдрийн хугацаатай албан ёсны айлчлал хийнэ. Ван И хоёр жилийн дараа ийнхүү Монголд айлчлах гэж байна. Түүний айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/  Багануурын цахилгаан станцтай холбоотой төслийг эцэслэн шийдвэрлэх юм.  Хэрэв энэ намартаа багтааж эхлүүлбэл таван жилийн дотор Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг бүрэн ашиглалтад оруулах аж. 

Нутгийн иргэд болон аймаг, сумдын ИТХ-ын болгоомжгүй үйлдлээс болж усан цахилгаан станц барих барилга угсралтын ажил хоёр жил хойшилсон болохыг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өгөх үеэр мэдэгдсэн. Тэрбээр “Монгол Улсын стратегийн бүтээнбайгуулалтын ажлуудыг санаатайгаар тасалдуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх ажлын хэсэг байгуулахаар болсон.

Сүүлийн 20 гаруй жил стратегийн томхон бүтээн байгуулалтын ажил явагддаггүй, гэрээлэгч улс орны өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чаддаггүй. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын  төсөлд иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга БНХАУ-ын дарга Ши Жиньпин рүү бичиг явуулж хоёр жил гаруйн хугацаанд тасалдуулсан.

Иймд хэн нэгэн иргэний нийгмийн байгууллагын нэр барьсан, ард түмний нэр барьж стратегийн чухал төсөл хойшлуулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуульд зааснаар  хорлон сүйтгэх ажиллагаа гэх үндэслэлээр алдагдсан боломжийн өртгийг тооцуулна” гэсэн юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.