“ТЭЗҮ, санхүүжилт нь бэлэн болсон хагас коксын үйлдвэрийг барьснаар жилд 65,000 тонн дизель түлш үйлдвэрлэнэ”

 “ТЭЗҮ, санхүүжилт нь бэлэн болсон хагас коксын үйлдвэрийг барьснаар жилд 65,000 тонн дизель түлш үйлдвэрлэнэ”

2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор хагас коксын үйлдвэр барих шийдвэр гарсан.

Уг шийдвэрийн дагуу “Багануур” ХК, “Шивээ овоо” ХК-ийн аль тохирох байршлыг нь түшиглэн Хими технологийн салбарыг хөгжүүлэх, хагас коксын үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ нь гарч, эхний ээлжийн санхүүжилт нь шийдэгдээд байгаа юм.

Одоогоор дээрх хоёр компанийн газар зүйн байрлал, дэд бүтцийн нөөц боломж, мөн нүүрсний чанарыг судлах шатандаа явж буй.

зураг

“Багануур” ХК-ийн хувьд үйлдвэр байгуулах газар болоод дэд бүтцийн байгууламжууд нь бэлэн байгаагаараа онцлогтой аж. Нүүрсний бүтэц, чанарын хувьд илүү давуу талтай нь эхний шатны судалгаагаар тогтоогджээ.Хагас коксын үйлдвэрийг байгуулснаар 17 МВт-ын хүчин чадал бүхий хийн цахилгаан станц, 80 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц бий болохоос гадна жилд 700 мянган тонн хагас коксжуулсан нүүрс экспортлох, түүнчлэн жилд 65 мянган тонн дизель түлш үйлдвэрлэх боломжтой. Мөн нарийн мэргэжлийн, өндөр цалинтай ажлын байр олноор бий болох юм.

Ирэх сараас өмнө Багануур болон Шивээ овоогийн нүүрсний уурхайгаас сонгож, барилгын ажлыг эхлүүлэн, 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эхний ээлжийн санхүүжилт болох 220 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргах юм байна.

Шадар сайд С.Амарсайхан ТЭЗҮ болон санхүүжилт нь шийдэгдсэн тус төслийг эрчимжүүлэхийн тулд газрын асуудал болон төрийн өмчит компаниуд хоорондын өр, авлага, тайлан балансын тооцоог яаралтай хийж дуусган, барилгын ажлыг шуурхай эхлүүлэх бэлтгэлийг шуурхай хангахыг дүүргийн Засаг дарга болон компаниудын удирдлага, холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.