Цагдаагийн алба хаагчийг доромжилж нулимсан Турк улсын иргэнийг 250,000 төгрөгөөр торгожээ

 Цагдаагийн алба хаагчийг доромжилж нулимсан Турк улсын иргэнийг 250,000 төгрөгөөр торгожээ

Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22-ын товчоо Шинэ авто худалдааны цогцолборын ойролцоо “Каргоноос болж хүмүүс маргалдаад байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Каргогоор ирсэн ачаатай холбоотой уг асуудалд харьяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг дүүрэг дэх прокурорын газарт хүргүүлсэн.

Мөн тухайн үед дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчдад Турк улсын иргэд буутай байна, машинд нь буу байж болзошгүй гэх мэдээлэл өгснийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад БНТУ-ын иргэний биеэс болон автомашинаас ямар нэгэн галт зэвсэг болон зэвсгийн чанартай эд зүйл илрээгүй байна.

Харин шалгалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг турк жолооч хэл амаар доромжилсон, араас нь нулимсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндэслэлээр 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай өнөөдөр мэдээлэв. 

Хуулийн заалт:

15.2 дугаар зүйл. Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах

1.Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:
1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;
1.2.хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;
1.3.хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа:
2.1.төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан;
2.2.төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан;
2.3.төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.Тайлбар: Энэ хуульд заасан “хууль сахиулах чиг үүрэг” гэж цагдаа, тагнуул, гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг ойлгоно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.