Р.Ганжуур: Өвөл хот хөлдөх бодит эрсдэл үүссэн тул иргэд газан плетка, лаагаа бэлд

 Р.Ганжуур: Өвөл хот хөлдөх бодит эрсдэл үүссэн тул иргэд газан плетка, лаагаа бэлд

Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжууртай эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

-Уншигчдадаа мэдээлэл өгөх үүднээс Монгол Улс ОХУ, БНХАУ-аас тус тус хэчнээн хувийн эрчим хүч импортолдог талаар яриагаа эхэлье. Ер нь бид эрчим хүчний хэр хараат улс вэ?

-Монгол Улс эрчим хүчээ дотоодоосоо бүрэн хангаж чаддаггүй. Нийт цахилгаан хэрэглээний 20 хувийг ОХУ, БНХАУ хоёроос импортоор авч байгаа. Энэ 20 хувийн 70 хувийг нь БНХАУ-аас авч, Оюу толгой хэрэглэдэг. Харин үлдсэн 30 хувийг нь ОХУ-аас төвийн эрчим хүчний системдээ авч хэрэглэж байна.

-Монгол Улс эрчим хүчний шинэ бүтээн байгуулалтын асуудалд одоо л анхаарч байна. Эгийн голын усан цахилгаан станц барья, нийслэлд дулааны станц барья гээд л дөнгөж л хөгжүүлэх, бүтээн байгуулах тухай ярьж байна шүү дээ. Манай улсын эрчим хүчний салбар хэр хоцрогдолтой байна, ер нь мэргэжлийн хүний нүдээр харахад ямар шатандаа яваа вэ?

-Дэлхийн эрчим хүчний хөгжлөөс 40 жилээр хоцрогдолтой явж байна. Манай хамгийн том буюу дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд баригдсан. Үүнээс хойш дөрөвдүгээр цахилгаан станцтай чадлаараа дүйх нэг ч станц баригдсангүй. Тиймээс дөрөвдүгээр цахилгаан станц 40 жилийн өмнөх технологиор ажиллаж байна. Машинаар яривал “69” гэдэг машин 40 жилийн өмнө моданд орж  байсан бол одоо хоцрогдчихсон. Яг үүний адил дэлхийн эрчим хүчний техник, технологи хөгжөөд, Монголд ашиглаж байгаа техник, технологи хоцрогдсон байх нь.

-Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нэг мэдэгдлийнхээ үеэр “Эрчим хүчний салбар дутагдалтай учраас 2022-2023 оны өвөл хүнд нөхцөлд очно” гэсэн. Хүнд нөхцөл гэдэг бол эрчим хүч, дулаан тасалдана гэдгийг хэлж байгаа байх. Хэрэв тог, дулаан тасалдах юм бол хот хөлдөх эрсдэлтэй гэдгийг хөнгөн байдлаар хэлж байна гэж ойлгосон. Яг ийм бодит нөхцөл үүсэх үү?

-Эрчим хүчний салбар 20 хувийн нөөц чадалтай байх ёстой. Гэвч манай эрчим хүчний салбар 20 хувийн дутагдалтай явдаг. Энэ нь өнөөдрийн Монголын эрчим хүчний чадал хэрэглээгээ хангаж хүрэхгүй байгааг харуулаад байгаа юм. Нөгөө талдаа иргэдийн эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өссөөр байна. Ийм дутагдалтай тул өвөл хөлдөх бодит нөхцөл үүссэн нь үнэн.

-Манай улс сүүлийн 40 орчим жил эрчим хүчний шинэ бүтээн байгуулалт хийгээгүй. Гэвч эрчим хүчний станцууд 40-60 жилийн настай байдаг юм билээ. Манай станцуудын ихэнх нь үйл ажиллагаагаа хэзээ ч алдаж мэдэхээр нөхцөлд байна гэж хараад байгаа.

-Тийм. Эрчим хүчний тоног төхөөрөмжийн 40 хувь нь хуучирч, ашиглалтын хугацаа нь дууссан. Тиймээс янз бүрийн техникийн аваар, саатал үүсэж тун болзошгүй. Тэгэхээр иргэддээ юуг зөвлөх вэ гэвэл, энэ өвөл газан плетка, газ, лаа, шүдэнзээ бэлдэх хэрэгтэй. Энэ бол хүмүүсийг айлгах гэсэн юм огт биш. Тиймээс иргэд дээрх зүйлсийг бэлдэхийн хажуугаар сэтгэл зүйгээ бэлдэж, дулаан хувцсаа хангах, гэр байшингийн сийгэлт, дулаан хадгалалт зэрэгтээ анхаарах хэрэгтэй. Эрчим хүчний яам үүнд бэлдэж, нэг, хоёр, гуравдугаар зэргийн хэрэглэгчдийг судалж, хаана хязгаарлалт тогтоохоо бэлдэж байгаа байх.

-Эрчим хүч, дулаанд хязгаарлалт тогтооно гэхээр өмнө нь ийм зүйл үзэж байгаагүй бидэнд төсөөлөгдөхгүй байна л даа. Та илүү дэлгэрүүлэхгүй юү?

-Бид сүүлийн 30-аад жил цахилгаан, дулааны хязгаарлалт тогтооно гэдэг зүйлийг үзэж байгаагүй учраас төсөөлөгдөхгүй байх нь аргагүй. Хойд Солонгосын киног үзэж байхад оройн 20.00 цагт цахилгаан нь так хийтэл бүгд зэрэг унтарч байгаа харагддаг. Яг л түүн шиг цагийн хязгаарлалтаар тог өгч, хэзээд нь халуун усны температураа буулгах вэ гэдэг ажлыг хийнэ гэсэн үг.

Энэ ажлыг зөвхөн яам хариуцдаггүй. Хэрэглэгч, УБЦТС, яам гэсэн гурван бүрэлдэхүүнээс хамаарна. Дээрээс нь Улаанбаатар хотын захиргаа, төр засаг анхаарах ёстой.

-Өвлийн улиралд тог тасрахаас илүү дулаан тасрах нь бидний нэн тэргүүнд санаа зовних ёстой асуудал. Харин салбарын сайд үүнд бүрэн дүүрэн ач холбогдол өгч, асуудлаа олж харж чадаж байгаа юу гэдэгт та мэргэжлийн хүний хувьд юу гэж дүгнэдэг вэ?

-Амгалангийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хамгийн багадаа 100 Гкал/цаг чадлаар нэмэгдүүлэх ёстой гэж Н.Тавинбэх сайд тооцооллоо өгсөн. Үүнд 63 тэрбум төгрөг хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотод хийгээр ажилладаг дунд чадлын дөрвөн дулааны станц байгуулах хэрэгтэй гэдэг саналаа ч өгсөн. Үүнд нь 150 тэрбум төгрөг хэрэгтэй юм билээ. Энэ хоёр бол бидний нэн тэргүүнд тулгамдаад байгаа дулаан хангамжийн асуудал мөн. Салбарын сайд салбартаа тулгамдаж байгаа асуудлыг урьд урьдын сайд нараас илүү олж харж байна гэж би дүгнэдэг. Мэдээлэл хийхдээ ч дулааны асуудал хэцүү байна гэдгээ хөндөж, хамгийн тулгамдсан асуудлыг яриад байдаг. Харин салбарын сайдын хэлж байгаа үгийг сангийн сайд ойлгож, энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Барих ёстой бүтээн байгуулалтын ажлынх нь санхүүжилтийг сангийн сайд шийдэж өгөх хэрэгтэй. Заавал хот хөлдөж, засаг огцрох хэмжээнд тулгах хэрэггүй.

2022 оны Эдийн засгийн форумын эхний салбар хуралдаан эрчим хүчээр эхэлсэн. Энэ үеэр салбарын сайд “Эрчим хүчний салбарыг доголдолгүй, хараат бус болгоход нийт 22 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд 15 их наяд төгрөг шаардлагатай” гэсэн. Энэ төслүүдийг хэрэгжүүлчих юм бол Монгол Улс 2030 оноос хойш эрчим хүчний салбарт санаа зовох шаардлагагүй болно. Энэ бол өнөө өвлийн асуудлын дараа тавигдах ч гэлээ мөн л маш нухацтай хандаж анхаарах ёстой ажил. Өмнө нь ямар ч сайд ингэж тооцоо судалгаа, төлөвлөгөө гаргаж байгаагүй.

-Сангийн яам 213 тэрбум төгрөгийн нэн шаардлагатай дулааны станцын мөнгийг шийдэж өгсөн ч энэ өвөлдөө бүтээн байгуулалтаа босгож амжихгүй нь…?

-Амжихгүй. Гэхдээ энэ өвлөөс хойш 2023-2024, 2024-2025 гээд олон өвлүүд бий. Нэг жишээд дурдъя л даа. 2011 онд Японд цунамигаас болж Фүкүшимагийн атомын цахилгаан станц нь аваарын байдалд орж ажиллахгүй болсон. Үүнээс болж 2011-2015 онд Япон улс дөрвөн жилийн турш цахилгааны хязгаарлалтын горимоор ажилласан. Тэр том орон ганцхан станц нь зогссоноос болж дөрвөн жилийн турш графикийн дагуу хэрэглэгчдийнхээ цахилгааныг хязгаарлаж байжээ. Хүчирхэг гүрэн ийм урт хугацаанд тэр байдлаас гарсан байхад манайх шиг эдийн засаг, нийгмийн байдал хэцүү улс эрсдэл гарвал хэр урт хугацааны дараа давах вэ гэдэг маш том асуудал.

-Аливаа улс оронд тог, дулаан тасрахад нөөцөөсөө гаргаж ашигладаг. Манай улс хуримтлуулсан нөөцөөрөө хэр хугацааны саатлыг давж чадах вэ?

-Ямар ч нөөц байхгүй. Өвөл дулааны цахилгаан станцууд зогсох юм бол Улаанбаатар хот 5-6 цаг л тэсэх байх. Үүнээс цааш хөлдөлт үүснэ. Тэгэхээр Улаанбаатар хот тэр чигээрээ хөлдөнө гэсэн үг.

-Тог хязгаарлаж, эхэлбэл гадна гудамжны гэрэлтүүлгүүд унтарна. Хяналтын камерууд ажиллагаагүй болно. Эдийн засаг хүнд үед үүнийг далимдуулж гэмт хэрэг үйлдэх нь ихсэх эрсдэл байх нь ээ?

-Яг тийм. Тэр тусмаа Монгол Улсад хулгай дээрэм, хүчирхийлэл гээд маш олон гэмт хэргүүд гарах эрсдэл бий. Тэгэхээр тог, дулаан гэдэг эдийг засаг, нийгмийн хамгийн гол асуудал гэж болно. Төр засаг анхааралдаа авч салбарын сайдын хөндөөд байгаа үгэнд ач холбогдол өгөөдхөөч гэж хэлдэг ч бидний үгийг тоодоггүй. Жорлон шинэчилнэ гэхээс илүү үүнд анхаармаар байгаа юм даа.

-Манай иргэд дэлхийн жишигтэй харьцуулбал хоёр дахин бага үнээр тогоо авдаг юм билээ?

-Тийм. Дэлхийн жишгээс 2-3 дахин хямдаар зарж байгаа. Ингэхдээ бүр 28 хувийн алдагдалтай зарж байна. Жишээлж хэлбэл, 100 төгрөгөөр борлуулах ёстой цахилгааныг 72 төгрөгөөр иргэдэд зарж байгаа юм. Цаана нь дутаж байгаа 28 төгрөгийн алдагдлаас болж засвар шинэчлэлийн ажил гацаад байгаа юм шүү дээ.

Өвөл болохоор манай бүх станцууд байж болох бүхий л хүчин чадлаараа ажилладаг. Уг нь ингэж өндөр ачаалуулж болохгүй. Гэсэн хэдий ч үүнээс өөр сонголт байхгүй. Энэ өвлийн нийт бэлтгэл ажил 52 хувьтай явж байна гэж салбарын сайд ярьсан. Өвөл эхлэхэд хоёрхон сар үлдсэн байхад ийм байна гэдэг маш хангалтгүй. Энэ юунаас болоод байна гэхээр хил гаалийн ачаа бараа саатлаас болж байна. Шинэчлэл хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж нь хилийн цаана гацчихсан.

-Саяхан ОХУ-ын Буриад дахь станцад саатал үүссэн. Энэ үед Монгол Улсын ОХУ-аас авдаг эрчим хүч тэг зогсож, манай станцууд бүх чадлаараа ажилласан ч ямар нэг гэмтэл, сааталгүйгээр дотоодоо хангасан шүү дээ. Тухайн үед салбарын ажилчид том, жижиг гэлтгүй өндөржүүлсэн бэлэн байдлаар ажилласан. Гэвч салбарынхан л том эрсдэлийг давсан гэдгээрээ бахдаж байснаас биш энгийн иргэд бараг ийм явдал болсныг мэдэлгүй өнгөрүүлсэн. Үүний та юу гэж харсан бэ?

-Бид ОХУ-аас авдаг эрчим хүчээ найдвартай, эрсдэлгүй хангамж гэж боддог байсан. Гэтэл Буриадын Галуут нуурын цахилгаан станцад аваар гарч, ОХУ-аас импортолдог эрчим хүч тасарсан явдал тухайн үед болсон. Энэ үед манай цахилгаан станцууд бие дааж ажилласан. ОХУ-аас тусдаа ажиллана гэдэг манайд их хүнд. Учир нь бидэнд тохируулга хийх усан цахилгаан станц байхгүй. Ачаалал тохируулах боломжгүй нүүрсний станцууд байдаг учраас янз бүрийн асуудал гарахад бид балрах байхгүй юу. Азаар тэр саатлын үеэр манайх суугаагүй, давж чадсан.

Дээрээс нь ноднин Улаан-Үүдийн ТЭЦ-II дээр гал гарсан. Эдгээр саатлууд нь ОХУ-ын Буриадын эрчим хүчний станц найдваргүй болоод байгааг илтгээд байгаа хэрэг. Тиймээс л манай улсад Эгийн голын усан цахилгаан станц зайлшгүй хэрэгтэй. Эгийн голын усан цахилгаан станцыг барихаар БНХАУ-аас зээл авах гэсэн боловч ОХУ зээл өгөхийг нь болиулсан. Үүнд заавал БНХАУ-аас авах хэрэг байхгүй. Зүгээр л олон улсын тендер зарлаад гаднын компаниар бариулчих хэрэгтэй. Гуравдагч хөршөөр бариулна гэвэл ОХУ юм хэлж чадахгүй. Ийм л гаргалгааг гаргаад барьчихгүй байна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.