Хятад улсын хөөргөсөн пуужингийн үлдэгдэл ойрын үед дэлхийд унана

 Хятад улсын хөөргөсөн пуужингийн үлдэгдэл ойрын үед дэлхийд унана

Өнгөрсөн Ням гарагт Хятад улсын хөөргөсөн Long March 5B пуужингийн эх биеэс үлдсэн хэсэг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд дэлхий дээр унах төлөвтэй байна.

Уг пуужин нь Хятад улсын дэлхийн тойрог замд байгуулж байгаа станцын нэг модулийг тээвэрлэж хүргэсэн юм.

Long March 5B бол тус улсын бүтээсэн хамгийн том пуужин бөгөөд 2020 оноос хойш гурав дахь удаагаа хөөрсөн нь энэ юм байна.

Пуужингийн 30 метр урт, 22 тонн жинтэй хэсэг одоо дэлхийн тойрог замын нам өндөрт орж ирээд байгаа. Агаар мандалд орж ирэх үедээ шатаж, хэмжээ нь багасах ч үлдсэн хэсэг нь энэ амралтын өдрүүдэд дэлхий дээр унах тооцоог Америкийн мэргэжилтнүүд гаргажээ.

Унаж болзошгүй талбайн хэмжээг уртаашаа 2,000 км, өргөөшөө 70 км хэмжээтэй гэж тооцоолсон байна.

Унах хугацааг Улаанбаатарын цагаар Ням гарагийн өглөөний 08:24 цагаас нэмэх, хасах 16 цагийн хүрээнд гэж тооцоолжээ.

Пуужингийн үлдэгдэл хэсэг унаж болзошгүй газрын гадаргын 75 хувь нь ус, цөл, ширэнгэ ой байгаа тул хүмүүст учруулах аюулыг бага гэж үзэж байна.

Гэхдээ эрсдэлийг бүрэн үгүйсгэх боломжгүй юм. Тухайлбал 2020 оны тавдугаар сард Long March B5 пуужингийн хэсэг баруун Африкийн Кот Дивуар улсын нутагт унахад хэд хэдэн байшин эвдэрч байжээ. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулаагүй юм.

Сансраас унах пуужингийн үлдэгдэл хүмүүсийн дээрээс унах магадлал 10 их наядад зургаа тохиолдох магадлалтай гэнэ.

Харьцуулбал аянгад хүн ниргүүлэх магадлал үүнээс 80,000 дахин өндөр байдаг ажээ.

2021 оны тавдугаар сард Long March 5B пуужингийн өмнөх хөөргөлтөөс гарсан хаягдал Энэтхэгийн далайн усанд унаж байжээ.

АНУ-ын хувьд 1979 онд Австралийн нутагт Skylab сансрын станцын томоохон хэсэг унаснаас хойш сансрын хог хаягдлыг хэрхэн хяналттай унагадаг болгоход анхаарал тавьж, пуужингийнхээ дизайнд тусгадаг болсон байна.

Эх сурвалж: Aljazeera

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.