Дарханы замын гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ, ЭЦА шалгана

 Дарханы замын гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ, ЭЦА шалгана

Л.Халтар сайдын хараал идсэн зам” хэмээн нэрлэгдээд байгаа Дарханы замын бүтээн байгуулалт таван жил болсон ч өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад ороогүй байгаа юм. Энэхүү замаар зорчиж буй иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч, эхнээсээ хохирлоо барагдуулахаар шүүхэд гомдол гаргаж эхэлсэн.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцооч ээ гэсэн нийгмийн шаардлагыг хүлээж авдаггүй байв. Ялангуяа сайд Л.Халтарт хариуцлага тооцохыг хаа хаанаа шаардаад ч “Танхимынхаа сайд нараас сугалахгүй” гэсэн хариу өгдөг байлаа. Харин саяхан тэрбээр албатуудынхаа хамт Дарханы замд ажиллалаа. 200 км замыг таван жил гацааж байгаа энэ асуудал газар дээрээ ч хүнд байсан тул Ерөнхий сайд бухимдахдаа аргагүйн эрхэнд буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Л.Халтар сайдад даалгасан юм. Тухайлбал, “Дарханы замыг барих тендерийг хэн сонгон шалгаруулсан юм бэ. Тендерт алдаа гарсан гэж үзэхээс өөр арга алга. Шулуухан хэлэхэд Зам тээврийн яам цаасан компаниудыг тендерт шалгаруулснаас болж, Дарханы замын ажил өнөөдрийг хүртэл гацаж байна. Тендерийн сонгон шалгаруулалтыг хийсэн албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад хандаж, яаралтай шалгуул” хэмээн хатуухан сануулсан билээ.  Энэ бүхний ард авлига байгааг ч Ерөнхий сайд үгүйсгээгүй.

Тэгвэл Засгийн газрын тэргүүний хэлсэн хатуу хариуцлага тооцох албан тушаалтнууд хэн бэ. Ийм асуулт урган гарч байна. Эн тэргүүнд 2018-2019 онд Зам тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг нэрлэж болно. Түүний хувьд Азийн хөгжлийн банкнаас зээл авах, Дарханы замын гүйцэтгэлийг эхлүүлэх бүхий л гэрээ, хэлэлцээрт хариуцан оролцсон эрхэм юм. Мөн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй Тендерийн хорооны удирдлага, Автозамын газрын дарга нар зэрэг албан тушаалтнуудыг тендерийг будлиантуулсан эсэх, авлига авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт АТГ-аас шалгахаар болсон байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.