“Байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулахаар ажиллаж байна”

 “Байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулахаар ажиллаж байна”

Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд 1,000 гаруй байгаль хамгаалагч ажиллаж Байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Үүнээс улсын тусгай хамгаалалттай сүлжээнд орон тооны болон гэрээт 470 гаруй байгаль хамгаалагч ажилладаг.

Байгаль хамгаалагчдын зэрэг дэв, цалин хангамж, нийгмийн хамгааллын зэрэг олон асуудлуудыг эргэн харах, судлах, шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн байгаль хамгаалагчийг хувь хүн талаас нь бус “Байгаль орчны салбарын нэгж” хэмээн харж, цогцоор шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл байгаль хамгаалагчдын ажлын нөхцөлийг үүрэгтэй нь холбон шинээр тодорхойлох шаардлага гарч буй. Байгаль хамгаалагчид эзгүй хээр ганц гэрээрээ ч байрших нь бий тул гэр бүлийн нийгмийн асуудалд анхаарах, орлогыг нь нэмэгдүүлэх, амь нас, эрүүл мэндийг нь ч хамгаалах асуудал хөндөгдөнө.

зураг

Судалгаагаар нийт байгаль хамгаалагчдын 30 гаруй хувь буюу 3 байгаль хамгаалагч тутмын нэг нь халдлагад өртсөн гэсэн дүн байдаг. Байгаль хамгаалагчдын эрхийг хамгаалах, хөгжүүлэх асуудал нь байгаль орчин, аялал жуулчлал, хөдөлмөр нийгмийн хамгаалал, боловсрол, соёлын зэрэг төрийн захиргааны төв байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд шийдвэрлэх боломжтой цогц асуудал юм.

Тиймээс нэн тэргүүнд байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулах чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, байгаль хамгаалагчдаа даатгалд хамруулах ажлыг олон улсын байгууллагатай хамтран шийдвэрлэх, ажил хэрэг болгохоор санал солилцов. Энэхүү санаачилга хэрэгжсэнээр жилийн 365 хоногийн 280 гаруй хоногт хөдөө хээр ажиллаж байнгын эрсдэл дунд ажиллаж байдаг байгаль хамгаалагчдын амь нас, эрүүл мэндийг гэнэтийн болзошгүй аваар, ослоос бүрэн хамгаалж, эрсдэлийг даатгуулах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.