​Баянхошууны “Хөтөл”-д хүүхдийн төлөөх “зул” аслаа

 ​Баянхошууны “Хөтөл”-д хүүхдийн төлөөх “зул” аслаа

“Б.Билгүүнзул” сангийн хамт олон нийслэлийн захын гэр хороолол буюу хүмүүсийн хэлж заншсанаар Баянхошууны Хөтөлд хүүхэд хамгаалал, сургалт хөгжлийн “Зул” төвийг байгуулж, ашиглалтад орууллаа. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт тусламж шаардлагатай болсон хүүхэд бүрд нээлттэй байх анхны хүүхэд хамгааллын төв үүд хаалгаа нээлээ.

зураг

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн С.Сайнтуяагийн мэдээлснээр манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр хүүхэд хамгаалал, хүүхэд хамгаалах байрны хүрэлцээ хамгийн тулгамдсан асуудал байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар 20 түр хамгаалах байр ажиллаж байгаагаас зөвхөн хоёр нь хүүхдэд зориулсан үйлчилгээгээр төрөлжсөн. Гэтэл тухайн онд түр хамгаалах байраар үйлчлүүлсэн нийт 4659 хүний 45.6 хувь нь хүүхэд байжээ.

2020 оны байдлаар түр хамгаалах байраар үйлчлүүлсэн хүүхдүүдийг зөрчигдсөн эрхийн байдлаар нь авч үзвэл:

С.Сайнтуяа мэргэжилтний хэлснээр хүүхэд хамгааллын ажил хүчирхийллийн талаарх тухайн хүүхдийн ойлголт, хүүхдийн өөрийнх нь хөгжил, өөрийгөө илэрхийлэх байдлаас эхэлдэг байна. Гэтэл манай боловсролын систем болон эцэг эхчүүд хүүхэд өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхээс илүүтэй ерөнхий мэдлэгт анхаардаг нь хүчирхийлэлд өртсөн үед өөрийгөө илэрхийлж чадахгүй байх шалтгаан болдог аж.

зураг

Тэгвэл “Б.Билгүүнзул” сангийн ерөнхий менежер Б.Байгалмаагийн мэдээлснээр “Зул” төв нь зөвхөн хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллахаас гадна мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, багш нараар дамжуулан хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, хичээлийн хоцрогдол арилгах сургалт, хувь хүний хөгжлийн олон төрлийн чиглэлээр өдөрт 40-50 хүүхдэд үйлчлэх юм. Мөн хоол хүнс, шим тэжээлийн дутагдалтай зорилтод бүлгийн 100 хүүхдэд тус төвийн мэргэжлийн тогооч нар өдөрт хоёр удаа халуун хоолоор үйлчлэх аж.  

Тус сан болон сангийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг “Степпелинк Холдинг” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлж иржээ. Цаашид “Б.Билгүүнзул” сан олон улсын байгууллагууд болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад ТББ-уудтай хамтран эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд илүү өргөн цар хүрээтэй ажлууд төлөвлөсөн байна.

зураг

Зул төвийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид хүүхдүүд дундаас 115-р сургуулийн 8б агийн сурагч Г: Англи хэлний дугуйланд явж байсан боловч төлбөр нь өндөр байсан тул явахаа больсон. Харин Зул төвд үнэ төлбөргүй англи хэлний давтлагад суух боломжтой болсонд баяртай байгаагаа ярьсан юм.

зураг

“Б.Билгүүнзул” сангийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин: Би дүүтэйгээ энэ гудамжинд тоглож өссөн. Биднийг бага байхаас л энэ газарт хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд гэмтэж бэртэх, эндэх асуудал их гардаг байсан. Талийгч дүү минь энэ газартаа хүүхдүүдэд туслах гоё газар нээчихвэл ямар гоё вэ гэж үргэлж ярьдаг байсан.

Ц.Мөнхтүвшин: Миний дүү зовж зүдэрсэн хүн бүрд туслахыг хичээдэг, хүүхдийн төлөө маш их сайн дурын ажил, сайн үйлс хийдэг дэлхий шиг агуу сэтгэлтэй нэгэн байсан. Тиймээс гэр бүл, найз нөхөд нь хамтраад түүнийхээ үйл хэргийг мөнхөд үргэлжлүүлэхийн тулд энэ төвийг нээсэн. Яах аа мэдэхгүй, хаачихаа мэдэхгүй болсон нэг ч гэсэн хүүхдэд зөв чиг болж, авьяасыг нь нээн, хөгжүүлэх нь бидний зорилго.

Баянхошууны автомашины зам дээр хүүхэд зам тээврийн осолд орох, гудамжинд дээрэмдүүлэх, сургууль, гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөх байдал өнөөдрийг хүртэл байсаар байна.

зураг

СХД-ийн 11-р хорооны оршин суугч Б.Эрдэнэчимэг Зул төв байгуулагдсан Баянхошууны хөтөл орчимд хүүхдийн аюулгүй орчин, нөхцөл тийм ч хангалттай биш байдаг гэсэн юм. Харин мөн тус хорооны оршин суугч Ш.Маяа “Манай энэ хавийн орчин хүүхдүүдэд их хэцүү. Гудамжны гэрэлтүүлгээс өөр хүүхдийн аюулгүй байдлыг хангах зүйл бараг байхгүй” гэв.

Тэгвэл Зул төв тусламж хэрэгтэй болсон хүүхдүүдэд хамгааллын төвийг олоход нь туслахын тулд шөнө бүр өөрийн хашаанаас проектор тусгаж байна. Сангийн үүсгэн байгуулагч Ц.Мөнхтүвшин хүүхдийн төлөөх энэхүү гэрэлт Зул мөнхөд ассаар байна гэж амласан юм.

Эх сурвалж: iToim.mn 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.