ХӨСҮТ: Арван хүн тутмын нэг нь В, 20 хүн тутмын нэг нь С вирусийн архаг халдвартай

 ХӨСҮТ: Арван хүн тутмын нэг нь В, 20 хүн тутмын нэг нь С вирусийн архаг халдвартай

Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгосон байдаг. Монгол Улс энэ жил уг өдрийг “Гепатитын тусламж үйлчилгээг ойртуулъя” уриан дор өнгөрүүлж байна. Энэ хүрээнд ХӨСҮТ-өөс гепатиттай холбоотой мэдээлэл өглөө.

 Уг мэдээллээр “Манай улсын хүн амын дунд гепатитын В, С вирусийн халдварын тархалт өндөр, вирусийн халдварын шалтгаант элэгний хавдрын нас баралт буурахгүй байна. Манай улсад 10 хүн тутмын нэг нь гепатитын В вирусийн архаг халдвартай, 20 хүн тутмын нэг нь гепатитын С вирусийн архаг халдвартай байна.

Монгол Улсын Засгийн газраас 2017-2020 онд хэрэгжүүлсэн Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн үр дүнд гепатитын В,С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдсан 15-аас дээш насны 1,180,220 иргэнээс 7.8 хувь нь гепатитын В вирусийн халдвартай, 9.3 хувь нь гепатитын С вирусийн халдвар илэрсэн” гэлээ.

Гепатитын халдварын төрөл нь үүсгэгч вирусийн төрлөөс шалтгаалах бөгөөд өвчний хүндрэл, үргэлжлэх хугацаанд нөлөөлдөг байна. Иймд гепатит вирусийн таван төрөл болоод дамжих зам, урьдчилан сэргийлэх аргын талаарх мэдээллийг энд хүргэе.

Гепатит А: Вирусийн халдвартай хоол хүнс, шингэнээр дамжин халдвар тархдаг. Гепатитын халдваруудаас хамгийн хөнөөл багатай нь бөгөөд ихэнх тохиолдолд өөрөө аяндаа эдгэдэг. Элгэнд урт хугацааны үрэвсэл үүсгэдэггүй. 2 сарын хугацаанд бүрэн эдгэрдэг. Гепатит А-ийн халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хүндэрч, эмнэлгийн тусламж авах шаардлага тулгардаг. Тиймээс гепатит А вирусийн халдвараас сэргийлэх вакцин хийлгэж хамгаалдаг.

Гепатит В: Хэд хэдэн замаар дамжин халдварладаг. Халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох, бохир зүү, тариураар халдвар тархана. Мөн халдвартай ээжээс төрөх үед хүүхдэд халдвар дамжих эрсдэлтэй. Гепатит В-ийн халдвартай насанд хүрэгчид ихэвчлэн 6 сарын хугацаанд биеийн байдал сайжрах боловч цөөн тооны зарим хүмүүс вирусийн халдвараас бүрэн ангижирч чадалгүй, тээгч хэвээр үлдэж, өөрт нь шинж тэмдэг илрэхгүй ч бусдад халдвар дамжуулах боломжтой байдаг. Гепатит В-ийн эсрэг вакцин хийлгэснээр халдвар авахаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Гепатит С: Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, бохир зүү, шивээсний хэрэгслээр дамжин халдвар авах эрсдэлтэй. Ихэнх тохиолдолд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй эсвэл хөнгөн илэрч болно. Гэвч зарим тохиолдолд элгийг гэмтээж, хатуурал үүсгэдэг. Халдвар авсан хүмүүсийн 80 орчим хувьд нь урт хугацааны элэгний үрэвсэл явагддаг. Гепатит С-ийн халдвараас сэргийлэх вакцин байхгүй.

Гепатит D: Гепатит D-ийн халдвартай хүмүүс л Гепатит D-ийн халдвараар өвчилдөг. Гепатит D-ийн халдвар нь өвчнийг улам хүндрүүлдэг аж. Энэ нь эхээс урагт мөн бэлгийн замаар дамжина.

Гепатит Е: Ази, Мексик, Энэтхэг, Африкийн орнуудад тархалт өндөр. Гепатит А-тай адил вирусийн халдвартай хоол хүнс, шингэнээр дамжин халдварлана.

Хэрэв халдвартай гэдгээ оношлуулсан бол мэргэжлийн эмчийн хяналтад байж, биеийн байдлаа тогтмол хянуулах, вирусийн эсрэг вакцинд хамрагдах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөдөг аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.