ХӨСҮТ: Хүүхдүүдийг наймдугаар сарын 1-нээс вакцинжуулна

 ХӨСҮТ: Хүүхдүүдийг наймдугаар сарын 1-нээс вакцинжуулна

ХӨСҮТ-ээс өнөөдөр /2022.07.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангийн нийт бие бүрэлдэхүүнийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Эдгээрээс 21 цэрэг эмчилгээтэй байгаа. Сүрьеэгийн голомт гарсан үед авч хэрэгжүүлэх журам гэж бий. Энэ журмын дагуу хариу арга хэмжээг авч, ажиллаж байна. Сүрьеэгийн эмчилгээ тогтсон хугацаатай, эм, эмчилгээтэй байдаг. Халдвар авсан цэргүүдийг багадаа зургаан сар эмчилнэ. Цэргүүдийн биеийн байдал тогтвортой байгаа.

Тухайн халдварт өртсөн байж болзошгүй иргэдийг илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Уушгины сүрьеэ голомтолж гарах магадлалтай байдаг. Тэр дундаа 15-34 насны эрэгтэйчүүдийн дунд өндөр тархсан. Монгол дэлхийн сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэг. Нийт хүн амын дунд сүрьеэгийн өвчин өргөн тархсан бөгөөд 100 мянган хүн амд 700 гаруй халдвар байна гэсэн судалгаа бий.

Чанарын албаны дарга Б.Батсүх:

-ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 487 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн 328 нь Covid-19 халдвартай өвчтөн байна. Хүндэвтэр буюу уушгины хатгаатай 231, хүнд 46, нэн хүнд зургаан хүн эмчлүүлж буй. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд хоолой өвдөх зовиур 58, хуурай ханиалгах 56.3, толгой өвдөх 41.8, оолой сэрвэгнэх 41.4 хувьд илэрчээ. Бага насны хүүхдүүдийн хувьд бөөлжих, суулгах зовиур 4-6 хувьд илэрч байгаа.

Эрт урьдчилан сэргийлэх,хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа:

-Одоо гэдэсний халдварт өвчний улирал эхэлж байна. Тиймээс цусан суулга, гар, хөл, амны өвчин гэх мэт өвчлөлийг давхар авч байгаа. Мөн цар тахлын давтан халдвар авсан иргэд 25 хувьтай бүртгэгдсэн. Халдвар авсан хоорондын хугацаа нь 190 хоног буюу зургаан сар гаруй хугацаа байна. Тиймээс иргэд дархлаажуулалтад бүрэн хамрагдах хэрэгтэй байна. Цар тахлын тандалтыг тогтмол өдөр бүр хийж байгаа. Цаашдаа 3-6 долоон хоногт халдварын тоо өндөр байх магадлалтай байна. Тиймээс иргэд амны хаалтаа зөв орчинд, зөв зүүх хэрэгтэй.

Дархлаажуулалтын албаны мэргэжилтэн В.Байгал:

-Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүмүүсийн 20 гаруй хувийг хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 5-11 насныхан 40 хувийг эзэлж байна. Дэлхийн 150 гаруй орон бага насны хүүхдүүдэд вакцин хийж, дархлаажуулж байна. Тиймээс Монгол Улсын хувьд наймдугаар сарын 1-нээс эхлэн 5-11 насны хүүхдүүдийг сарын зайтай хоёр удаа дархлаажуулна. Ингэхийн тулд харьяа сум, өрхийн эмнэлэгт дамжуулан вакцинд хамрагдана. Мөн олон улсын байгууллагаас таван сарын дараа нэмэлт тунд хамрагдах боломжтой гэдэг зөвлөмжийг гаргаад буй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.