ХИЧЭЭЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ, ЗАСВАРЫГ ДУУСГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

 ХИЧЭЭЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ, ЗАСВАРЫГ ДУУСГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр авто замын шинэчлэл, засвартай холбоотой ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-ын дарга Г.Баярсайхан танилцуулав.зураг

Замын ажил дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлсэн бөгөөд зургаан төрлийн ажил гүйцэтгэж байгаа юм. Тухайлбал, гол болон туслах 14 замын шинэчлэлийн ажлын хүрээнд зургаагийнх нь ажил бүрэн дуусжээ. Гурван ажил 90 хувийн, хоёр ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байна. Эхлээгүй гурван ажил байгаа нь LRT явах трасс таарсан, мөн тендерийн гомдол гарсан учраас саатжээ.

Мөн Партизаны гудамж буюу 11 дүгээр сургуулиас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх замын ажил төсвийн тодотголоор хасагдсан аж. Түүнчлэн Их сургуулийн гудамж, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Бага тойруугийн зүүн хойд хэсгийн явган хүний замын ажлыг хийжээ. Төвийн зургаан дүүргийн болон гол, туслах замын засвар арчлалтын ажил арваннэгдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлэх бөгөөд урсгал засварыг өдөр тутам хийж байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 18 гудамжны 4,000 ам метр, Хан-Уул дүүрэгт 26 гудамжны 1,757 ам метр, Баянзүрх дүүрэгт 32 гудамжны 1,100 ам метр нүхэн эвдрэлийг засварласан байна.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн холбогдох албаныханд үүрэг өглөө.

зураг

Ингэхдээ өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд

  • Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/853 дугаар захирамжийн дагуу хэрэгжилтийг хангаж ажиллах. Хийж дуусаагүй, дутуу байгаа ажлуудаа эрс эрчимжүүлж ажиллахыг хариуцсан дарга нар сайтар анхаарах,
  • Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлтийг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгах,
  • Хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэх, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд тохижилт бүтээн байгуулалт, зам засварын ажлуудыг дуусгаж, эцэслэх,
  • Сайжруулсан түлшний нөөцийн агуулахыг сайтар бэлтгэн, нөөц бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, нөөцлөлттэй холбоотой тээвэрлэлтийн үйл ажиллагааг шуурхай шийдвэрлэж ажиллах,
  • Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлт, засварын ажлыг дуусгах,

Цаг үеийн асуудлын хүрээнд

  • Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг яаралтай зарлаж дуусгах,
  • Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимжүүлж, захиалагчийн хяналтыг сайжруулж, хугацаанд нь зураг төсвийн дагуу хүлээн авах,
  • Цаашид хэрэгжихэд хүндрэлтэй төсөл, арга хэмжээнүүдийн шалтгаан, нөхцөлийг тодруулж, бүрэн хэрэгжих, хэрэгжих боломжтой төсөл арга хэмжээний төсөвт өөрчлөлт оруулах саналаа танилцуулах,
  • Намрын шинэ ургацын хүнсний ногоо гарахтай холбогдуулан ногоо тариалагч аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүсийг дэмжих, зөвлөн туслах үйлчилгээг шуурхай үзүүлэх, хүнсний ногоог нийслэлчүүдэд шууд гарт нь хүргэн худалдан борлуулах боломжоор нь хангахын тулд боломжтой борлуулалтын цэгүүдийн байршлыг Улаанбаатар хотод гаргах ажлыг урьдчилан зохион байгуулж, ач холбогдол өгөх,
  • Ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүн их цуглардаг газруудад гараа ариутгах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих асуудлыг нийслэлийн иргэдэд таниулан сурталчлах,
  • Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангаж ажиллах,
  • Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг тус тус үүрэг болгов.

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.