Архангайн дүүжин гүүрний төсвийг аймгаас батлаагүй гэв

 Архангайн дүүжин гүүрний төсвийг аймгаас батлаагүй гэв

Архангай аймгийн нутагт орших, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Чулуутын хавцал дээгүүр өнгөрсөн зургадугаар сараас дүүжин гүүр барьж эхэлжээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд экстрем аяллыг хөгжүүлэх энэ ажлыг 2017 оноос хойш ярьж ирсэн байдаг. Тодруулбал, 2017 онд тухайн үеийн аймгийн Засаг дарга Чулуутын хавтал дээгүүр шилэн гүүр барих ажлыг ярьж, ажлын гүйцэтгэлийг “Шилмэл шил” ХХК гүйцэтгэнэ гэж байсан ч санхүүжилтээс болоод гацсан. Тэгвэл уг шилэн гүүрний бүтээн байгуулалт дүүжин гүүрээр солигдож өнгөрсөн сараас эхлэн ажил нь эхэлсэн юм.

Харамсалтай нь дүүжин гүүрний ажлын явц баяр наадамтай холбоотой түр зогсч, тэрхүү дутуу барьсан зургийг нь цахим хуудаст иргэд нийтэлжээ.

2017 онд Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 150 метр урттай шилэн гүүрийг барьж, 2018 оны Үндэсний баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан. Тухайн үед шилэн гүүр ашиглалтад ороогүй, бүтээн байгуулалтын ажил эхлээгүй шалтгааныг аймгийн төсөвтэй холбож байв. Харин энэ жилийн дүүжин гүүрний санхүүжилтийг аймаг, сумаас санхүүжүүлж байгаа эсэх болон иргэдийн амь насанд эрсдэл учруулж болзошгүй ажлыг албадан зогсоосон эсэх талаар тодрууллаа.

“ДҮҮЖИН ГҮҮРИЙГ ЗАСВАРЛАХАД АЙМГААС НЭГ Ч ТӨГРӨГ ТӨСӨВЛӨӨГҮЙ”

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргатай утсаар холбогдож тодруулахад “Дүүжин гүүрний ажлыг хийж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хувийн аж ахуй нэгж тус экстрем бүтээн байгуулалтыг хийхээр болсон. Одоогоор баяр наадамтай холбоотой гүүрний ажил түр хугацаанд зогссон байх. Түүнээс аймаг, сумаас эрсдэлтэй зэрэг дүгнэлт гаргаж гүүрний ажлыг албадан зогсоосон зүйл байхгүй.

Чулуутын гол дээгүүрх дүүжин гүүрийг барихад сумаас, аймгаас нэг төгрөг ч төсөвлөөгүй. Тиймээс зөвшөөрөл авсан аж ахуй нэгж эрсдэлийг тооцоолж ажлаа үргэлжлүүлэх байх.

Цахим орчинд тавьсан зураг ажил гүйцэтгэлийнх гэж харсан. Баяр наадмын дараа тодорхой болно” гэх тайлбарыг өглөө.

 EXTREME MONGOLIA: ТУС ЧАНАРГҮЙ АЖИЛ МАНАЙХТАЙ ХОЛБООГҮЙ

Мөн сошиалд тус гүүрний ажлыг гүйцэтгэж байгаа гэх мэдээллийн дагуу “Extreme Mongolia” компанитай холбогдлоо. Тус компаниас өгсөн мэдээллээр “Extreme Mongolia” баг хамт олон Өвөрхангай аймаг Бат-Өлзий сум Улаан цутгалан байгалийн цогцолбор газар “Zipline” буюу агаарын замын үйлчилгээ үзүүлдэг. Манай компанид  Архангай аймгийн Чулуутын хавцалд дүүжин гүүр нурсан тухай мэдээллийн дагуу хүмүүс их хандах болсон.

Тус чанаргүй бүтээн байгуулалт нь манайхтай ямар ч холбоо хамааралгүй бөгөөд манай компанийн нэр дээр цахим орчинд ташаа мэдээлэл түгээж байна.

Иймд иргэд мэдээллийг нягталж, холбогдож тодруулж захиалга өгөхийг хүсч байна” гэв.

Эргэн сануулахад, 2017 онд хятадаас Чулуутын хавцлын шилэн гүүрийг бариад өгөх саналыг аймгийн удирдлагуудад тавьсан байдаг. Гэтэл Засаг дарга нь зөвшөөрөөгүй аж. 150 метр урттай шилэн гүүр баригдсанаар  жуулчдыг татна гэж тооцсон. Тодруулбал, гүүрэн  дээгүүр жуулчид хоёр цаг орчим алхахдаа хажуугийн шатаар доош бууж, байгалийн өвөрмөц тогтоц бүхий хавцалтай илүү ойроос танилцахын зэрэгцээ төөрдөг толин байшингаар зочлон, агаарын гулсуур, агаарын дугуй, мотоциклын шоу үзүүлбэрийг сонирхох боломжтой гэж сурталчилж байв. Мөн хавцлын хоёр талаар энгийн болон дээд зэрэглэлийн хоёр төрлийн жуулчны бааз байгуулж, өөр өөр өнгө, загвар бүхий шилээр бүтээсэн 20 гэр, 10 монгол гэрт жуулчид хүлээн авахаас гадна ресторан, буфет ажиллуулах төлөвлөгөө бий. Гүүрийн өртөг нь 2.2 тэрбум төгрөг байсан аж. Харин энэ бүтээн байгуулалтын оронд хийж буй дүүжин гүүрийг ямар компани хэдэн төгрөгөөр хийж байгаа нь тодорхойгүй байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.