Баярын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас зургаан хүн нас баржээ

 Баярын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас зургаан хүн нас баржээ

Баяр наадмын өдрүүдээр буюу 2022 оны долдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг танилцуулж байна. 

Дээрх хугацаанд нийт 675 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 392 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 18, орон нутагт 7 буюу нийт 25 хүн гэмтэж бэртсэн бол ослын улмаас орон нутагт зургаан хүний амь нас хохирсон үүний нэг нь хүүхэд байна.

Нийслэлд явган зорчигч 8 хүн гэмтсэний 4 нь хүүхэд. Харин мөргөлдсөний улмаас 4 хүн, мотоциклтой 1 хүүхэд, зорчигч 3 хүн гэмтэж бэртсэн байна. Орон нутагт мөргөлдөх хэлбэрээр 6 хүн гэмтэж, 5 хүний амь хохирсон бол онхолдох хэлбэрээр 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирчээ.

Тухайлбал, 2022.07.13-нд 11:05 цагт Төв аймгийн Баян суманд Хьюдай Соната-8 автомашин Тоёота Highlander автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч 3 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 329 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 9 бүртгэгдсэнээс жолооч 5 холбогдож, явганаар 4 хүн зам тээврийн осолд холбогдсон байна.

Баяр наадмын өдрүүдэд орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул иргэд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэт ядарсан нойр дутуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн жолооч биш жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.