Улсын харцага Б.Одгэрэл учраа бөхөө цохиж, Улсын арслан Э.Оюунболд өөрийг нь давсан бөхийг зодох гэж дайрав

 Улсын харцага Б.Одгэрэл учраа бөхөө цохиж, Улсын арслан Э.Оюунболд өөрийг нь давсан бөхийг зодох гэж дайрав

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1,024 бөх хүч үзэхээр бүртгүүлсэн. Одоогоор гурвын даваа үргэлжилж байна. 

Гэвч эхний гурван даваанд барилдсан улсын цолтой зарим бөхчүүдийн ёс зүйгүй үйлдэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. 

Долдугаар сарын 11-нд Үндэсний баяр наадмын эхний өдөр болсон хүчит бөхийн хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, Улсын харцага Б.Одгэрэл Увс аймгийн Давст  сумын харьяат, “Сүлд” спорт хорооны бөх, Цэргийн начин Э.Мөнх-Эрдэнэтэй учраа таарч, барилдах үедээ нүүр рүү нь хүчтэй цохиж буй нь бичлэгт үлджээ. 

Мөн өнөөдөр гурвын даваанд өвдөг шороодсон, Улсын арслан Э.Оюунболд барилдаан дууссаны дараа өөрийг нь давсан Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн начин Ё.Улсболдыг зодох гэж дайрахад нь ойр хавьд нь байсан хүмүүс болиулж байгаа бичлэг мөн цахим орчинд тараад байна. 

Аймгийн наадмуудын үеэр ч мөн энэ мэт ёс бус үйлдэл гарч байгаа аж. 

Бөхийн ёс жудаг алдагдаж байгаа нь ил болсоор байгаа энэ үед мэргэжлийн холбоод нь дүрэм журмаа эргэн харж, энэ мэт уламжлалаа эвдсэн, үзэгчдээ үл хүндэтгэсэн ийм үйлдэлд тооцлог хариуцлагаа чангатгах шаардлага үүссэнийг дээрх явдлууд харуулж байна. Наадамчин олон, баяр наадмыг үл хүндэтгэх, төрийн ёслол, зан уламжлалыг зөрчсөн үйлдэл хийсэн, учраа бөхөө санаатай гэмтээх тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах дүрэмтэй байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.