УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор Монгол Улсад анх удаа “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна

 УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор Монгол Улсад анх удаа “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яам, Олон улсын нэр томьёоны мэдээллийн төв (INFOTERM), Стандарт, хэмжил зүйн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ШУТИС, МУБИС-тай хамтран Монгол Улсад анх удаа “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2022.07.08) Төрийн ордонд зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хуралд Австри, Люксембург, Солонгос, Швейцар, Герман, Унгар, Литва, Гүрж, Чех, Португал, Колумби, Орос, Хятад, Монгол зэрэг 14 орны 60 гаруй орчим судлаач, эрдэмтэд цахим болон танхимаар оролцож, олон улсын нэр томьёоны туршлага, хэлний технологийн талаар илтгэл хэлэлцүүлж байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлсэн үгэндээ, Монгол нэр томьёо бол эртний түүхтэй, баялаг уламжлалтай, ард түмний өвлөн хадгалж уламжлан залгамжлуулах, хөгжүүлэн боловсруулах оюун билгийн үнэт өв болохыг онцлоод Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хууль зүй, хэл соёл, техник технологи болон бүх салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд нэр томьёо нэн чухал үүрэгтэйг тэмдэглэв.
Тэрбээр, “Шинэ мэдлэг, мэдээллийг тээгч нэр томьёог зохицуулах үйл ажиллагааг жигдлэн төлөвшүүлэх нь мэдлэгт суурилсан эдийн засаг, инновацыг хөгжүүлэх зорилтын бүрэлдэхүүн хэсэг юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 600 гаруй хууль, тогтоомжид жигдлэх, цэгцлэх шаардлагатай нэр томьёоны асуудлууд ч бий. Орчин үеийн технологийн хөгжлийн эрин үед нэр томьёоны хөгжил эрчимтэй өөрчлөгдөж байна.
Эртний монгол аймгуудын нэр томьёоны шинжтэй үг хэллэг, Монголын нууц товчоо болон олон сурвалж бичгүүд дэх өв уламжлал, 1707-1717 оны хооронд зохиосон “Хорин нэгтийн тайлбар толь”, 1741-1742 онд Жанжаа хутагт Ролбийдоржийн удирдлагаар “Мэргэд гарахын орон” хэмээх төвд монгол нэр томьёоны толь зохиосон явдал нь бүгд эрдэм ухааны уламжлал, шинжлэх ухааны хэлийг хөгжүүлж ирсний нотолгоо юм. Монгол оронд бурхны шашин хүчтэй дэлгэрч судар номыг олноор орчуулах үед ч манай номын мэргэд нэр томьёоны асуудалд онцгой анхаарал хандуулж иржээ.
20-р зууны эхэн үеэс байнгын үйл ажиллагаатай орчин үеийн нэр томьёоны тусгайлсан байгууллага болох Улсын Нэр Томьёоны комиссыг үүсгэн байгуулж, тухайн үеийнхээ эрдэм чадалтай сэхээтнүүдийн хүчийг нэгтгэн ажиллуулж эхэлснээр 1980-аад оны дунд үе гэхэд 120 мянга гаруй нэр томьёог оноон тогтоож, толилон жигдрүүлсэн байдаг. 1961 оны 05 дугаар сарын 19-нд БНМАУ-ын (хуучин нэрээр) Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны дараа Улсын нэр томьёоны комисс /УНТК/-ын дүрмийг баталж, албан ёсны улсын байгууллага болсон түүхтэй. Харин 1990-ээд онд Монгол Улс нийгмийн өөрчлөлт хийж, дэлхийн улс түмэнтэй нээлттэй харилцах болсны үрээр аль ч улс орны үг хэллэгийг орчуулах, шинэ шинэ нэр томьёогоор баяжуулах таатай нөхцөл бүрдсэн. Бид өнөөдөр Монгол хэлний тухай хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дүрэм болон холбогдох бусад хууль, тогтоомждоо эрдэм мэдлэгийг өвлөх, хөгжүүлэх, тэдгээртэй холбоотой нэр томьёогоо боловсронгуй болгон ажиллах талаар тусгасан” хэмээв. Мөн улс орны хөгжил дэвшлийн үндэс болсон шинжлэх ухаан, технологийн хөгжлийн нэн чухал хэсэг болох нэр томьёоны асуудлыг төр засгаас онцгой анхааран, хэлний болон нэр томьёоны бодлогыг шинжлэх ухаан, технологи, улс төр, нийгэм эдийн засаг, боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөлттэй нягт уялдуулан зохицуулах ёстой. Салбар бүр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нэр томьёо, мэргэжлийн үг хэллэгээ жигдлэн, оноон боловсруулж технологийн хөгжлийг тусган, өөрийн орны төдийгүй гадаад улс оронтой төвөггүй харьцах, судлан шинжлэх ажил ахицтай урагшилна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.