Замын хөдөлгөөнд ухаалаг цахим систем нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа

 Замын хөдөлгөөнд ухаалаг цахим систем нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр тус улсын төрийн өмчит хөрөнгө оруулалтын “Тэмасек Холдинг” ХК-ийн харьяа “Эс Ти Инженеринг Электроникс” компанийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар авто замын сүлжээг сайжруулах, тогтвортой тээврийн менежмент болон нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд шийдэл нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын хүрээнд тус улсын сайн туршлагыг судлах, замын хөдөлгөөнд ухаалаг цахим систем нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Сингапурын “Эс Ти Инженеринг Электроникс” компани хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Санамж бичигт Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Сингапур Улсын “Эс Ти Инженеринг Электроникс” компанийн Хөдөлгөөнт байдал хариуцсан захирал Кох Чан Тиа нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын цахим шилжилтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлд нийслэлийн зам, тээвэртэй холбоотой чиг үүргийн байгууллагуудын мэдээллийн урсгал, хүртээмж, дэд бүтцийг сайжруулах, замын хөдөлгөөний эрчмийн мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ, төлөвлөлт хийх боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллах юм.

“Эс Ти Инженеринг Электроникс” компани нь Ази, Европ, Ойрх Дорнод болон АНУ-д 100 гаруй салбар болон охин компанитайгаар үйл ажиллагаа явуулдаг, 23 мянга орчим ажилтантай. Австрали, Казахстан, Хятад, Филиппин зэрэг улсын томоохон хотуудад зориулсан ухаалаг тээврийн системийн мастер төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлсэн туршлагатай. Азид хамгийн томд тооцогдох инженеринг компани бөгөөд сансар судлал, газрын цахим систем, цахим аюулгүй байдал, цахим шилжилт, ухаалаг хот зэрэг өргөн хүрээг хамарсан инженерийн үйлчилгээ үзүүлдэг.

“Эс Ти Инженеринг” нь 700 гаруй ухаалаг хотын төслийг дэлхийн 130 гаруй хотод хэрэгжүүлж, замын түгжрэл, эрчим хүчний ашиггүй зарцуулалт, биет болон кибер аюулгүй байдлыг хамгаалах зэрэг дэлхийд тулгамдаж буй бодит асуудлуудыг шийдвэрлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, түгжрэлийг тооцоолох программ хангамж болон ослын менежмент; өөрөө суралцах, сайжруулах боломжтой гэрлэн дохионы шийдлээр замын түгжрэлийг сийрүүлэх; нийтийн тээврийг төвлөрсөн менежментийн систем болон тасалбар түгээх системээр чадавхжуулах; хялбар зогсоол болон цахилгаан машин цэнэглэх программ, техник хангамжаар тоноглох; цахим хэлбэрээр зам ашиглалтын төлбөрийг төвөггүй шийдвэрлэх шийдлүүдийг санал болгодог байна. Мөн хиймэл оюун ухаан, дата шинжилгээг ашиглан хүний оролцоог бууруулан,  хариу арга хэмжээнд зарцуулах цагийг хэмнэдэг. Үүнд хяналтын систем, автоматжуулсан ослын илрүүлэлт, дүрст шинжилгээ, замын хөдөлгөөний симулациуд багтдаг аж.

Сингапур Улс нь дэлхийн хөгжлийн судалгааны институтээс жил бүр улс, орны иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ажил сургуулийн хүртээмж, хөдөлгөөнт байдал, тухайн орны засаглалын байдалд тулгуурлан гаргадаг ухаалаг хотын индексээр 2021 онд тэргүүлж, иргэдийн амьдралын хэв маягт технологийн шийдэл, хэрэглээг түлхүү нэвтрүүлж, амьдрах таатай орчныг бүрдүүлсэн орон юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.