Ц.АЛДАРХИШИГ: ЭМЭЭЛТЭД БАЯРЛАХ “ЭМ ДИ СИ ПИ” КОМПАНИД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ НЭЭЖ, ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛСЭН

 Ц.АЛДАРХИШИГ: ЭМЭЭЛТЭД БАЯРЛАХ “ЭМ ДИ СИ ПИ” КОМПАНИД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ НЭЭЖ, ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛСЭН

Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийв.

“Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгаж шалгаж, хүний эрхийг зөрчдөг байдал илэрсэн”

УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг “2022 оны эхний хагас жилийн байдлаар хүлээн авч шалгасан нийт зөрчлийн талаарх гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 28.5 хувиар, зөрчлийн хэрэг 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өссөн шалтгаан нь цар тахлын үед зөрчлийн гаралт буурсан байсантай холбоотой.

Нийт зөрчлийн дийлэнх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил байгаа бөгөөд үүнийг согтуугаар үйлдсэн нь нэлээд хувийг эзэлж байна.

Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эзэн холбогдогч нь тодорхой байхад зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг сунгаж шалгаж, хүний эрхийг зөрчдөг байдал илэрсэн. Хуулийг буруу хэрэглэж буй ийм байдлыг таслан зогсоох үүднээс зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байсан нийт 54 хэргийг хэрэгсэхгүй болгож хүний эрхийг хангахад анхаарч ажиллалаа” хэмээлээ.

“Эм Ди Си Пи” компанитай холбоотой хэрэгт эрүүгийн хэрэг нээж, холбогдох байгууллагад шилжүүлсэн”

Түүнчлэн тэрбээр “Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” компанийн мах боловсруулах үйлдвэртэй холбоотой хэргийг прокурорын байгууллагаас шалгаж, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3-ын 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох байгууллагад шилжүүлсэн. Одоогоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна.

Үүнтэй холбоотойгоор Улсын Ерөнхий прокурорын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс МХЕГ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмыг мөрдөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулахад арга хэмжээ авах тухай үүрэг өгч ажилласан” хэмээн ярилаа.

Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл:

1.Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас:

  • 2.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;
  • 2.2.их хэмжээний хохирол учирсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.