Даргын “утсан хүүхэлдэй” ба Дарханы хар төмөрлөгийн төсөл

 Даргын “утсан хүүхэлдэй” ба Дарханы хар төмөрлөгийн төсөл

Сахал хочит Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайдад хаягласан ил захидалдаа ингэж бичсэн байсан. “Монгол Улсад Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах “Кью Эс Си” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг миний хувь эзэмшдэг Худалдаа, хөгжлийн банкны зүгээс сүүлийн арав гаруй жилийн турш дэмжиж, улсдаа ган хайлуулах үйлдвэр байгуулахад нь хувь нэмрээ оруулахыг зорьж ирсэн. Тус компани нь уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Хөгжлийн банк болон арилжааны банкнаас зээл авч, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өнөөдрийн түвшинд хүргэжээ. Энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 380 сая ам.доллар буюу 1 их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, Монгол Улсынхаа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, эдийн засгийн хөгжлийн ирээдүйд томоохон ахиц авчирсан.Хэдий төслийг Засгийн газрын шийдвэрээр цуцалсан ч тус компани нь өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан, Худалдаа, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Хөгжлийн банкны 192 тэрбум төгрөгийн зээлийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулжээ” гээд.  Өөрөөр хэлбэл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээ мөн Хөгжлийн банкинд тавьсан өр төлбөрөө бүрэн барагдуулсан болохоо ч онцолсон бий.

Атал өнгөрсөн хавар “Кью Эс Си” гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх шалтаг зааж Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцааж авсан билээ. Даргаар нь Г.Занданшатарын “утсан хүүхэлдэй” гэж улс төрийн хүрээнд яригддаг хуульч А.Ариунболдыг томилсон бий. ШӨХТГ болон ТӨБЗГ-т дарга хийж байснаас өөр төсөл хэрэгжүүлэх туршлага түүнд байхгүй гэсэн үг.

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр бол уул уурхайн металлургийн цогцолборыг бий болгох том зорилготой төсөл. Тодруулбал,  төмрийн хүдрийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах мөн гангийн үйлдвэрлэлийг өргөтгөж, шинэчлэх үүднээс “Кью Эс Си” концессын гэрээгээр

  • Төмөртолгой, Төмөртэй, Хуст-Уулын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж ил уурхайнуудыг байгуулах,
  • Төмрийн хүдрийн эхний шатны боловсруулах үйлдвэрүүд болох хуурай, нойтон соронзон аргын баяжуулах үйлдвэрүүдийг байгуулах,
  • Төмрийн хүдрийн баяжмалыг дараагийн шатны боловсруулалтад оруулж хаягдал төмрийг орлож чадахуйц металлургийн үйлдвэрийн шаардлагыг хангасан түүхий эд үйлдвэрлэх
  • Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэх,
  • Шинээр гангийн үйлдвэр байгуулж үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилийн 300,000 тоннд хүргэх,
  • Импортын бүтээгдэхүүнийг орлохуйц нэмүү өртөг шингэсэн, эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж дотоодын зах зээлийг бүрэн хангах зэрэг үүрэг хүлээжээ.

Мэдээж, том төслийг хэрэгжүүлэхэд хугацаа шаардлагатай.  Хөрөнгө мөнгөө босгох, ТЭЗҮ боловсруулах гээд ажил их. Монголын төр  уул уурхайн металлургийн цогцолбор байгуулж чадах байсан бол өмнө нь хийчих хугацаа ч байсан. Атал чадаагүй. Цаашдаа ч энэ төслийг А.Ариунболдод хариуцуулаад хэрэгжүүлнэ гэсэн итгэл үнэндээ төрөхгүй байна.  Хууль унших, судлахаас уул уурхайн томоохон төслийг хэрэгжүүлэх нь тэс өөр. Нэг ёсондоо, цүнх баригчдын, улстөрчдийн “утсан хүүхэлдэй”-нүүдийг хийдэг ажил огт биш гэсэн үг.  Хэрэвзээ, төр чаддаг мэддэг байсан  байсан юм бол өмнө нь хийж хэрэгжүүлэхээ яав.   Хүний боловсруулсан ТЭЗҮ-г хулгайлаад сууж байгаа хүмүүс  цогцолбор барьж босгох нь юу л бол доо. ТЭЗҮ-ээ хүртэл боловсруулчихаж чадахгүй байж шүү дээ.

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Ариунболд хэвлэлд ярилцлага өгөхдөө “Үйлдвэр баригдахыг Дарханы иргэдээс эхлээд монголчууд нийтээрээ найман жил хүлээлээ” гэж. Дарханы замаа засч чадахгүй төр гурван жил болж байхад уул уурхайн металлургийн төслийг хэрэгжүүлэхэд үүнээс их хугацаа хэрэгтэй гэсэн үг. Үндсэндээ, цогцолборын хүрээнд 20-30 дэд төсөл хэрэгжүүлэх шаардлагатай.  Төмөртэйн уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулахын дэд бүтцийн ажил хийх нь зөвхөн нэг төсөл нь гээд ойлгочих. Түүн шиг 20-30 төсөл хэрэгжүүлэхийн тулд багагүй хөрөнгө, багагүй хугацаа орно. А.Ариунболд хуульчийн ярьж байгаа шиг амархан ажил огт биш юм.

Түүнчлэн А.Ариунболд Худалдаа хөгжлийн банкаас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэр дээр маш их хэмжээний зээл авсан гэжээ.  Хуульч хүний л үг байх.  Дэлхий дээрх бүх том, бага төсөл зээлээр л босдог.

Оюутолгой хүртэл дэлхийн 15 банкнаас зээл авч далд уурхайн бүтээн байгуулалтаа эхлүүлсэн. Хэрэвзээ А.Ариунболд зээл авалгүйгээр “Монгол ган цогцолбор”-ыг барьж, босгож чадах юм бол бараг нэрийг нь алтаар сийлсэн ч яахав. Харамсалтай нь, тийм үлгэрт хүүхдүүд ч итгэхгүй. Төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд аль ч том компани зээл авахаас аргагүйд хүрдэг юм шүү дээ.

Тэрбээр энэ өрийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 1500 гаруй ажилчин төлөхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгааг мөн хэлж. Манай попуудын уянгын халилаас том төслийн онол өөр. Ажил хийхгүй бол зээлээ төлж чадахгүй болохыг адгийн тэнэг ч мэднэ. Энэ байдлаараа “ Монгол ган цогцолбор” мөддөө босохгүй, өр зээл хоёроо ялгаж чадахгүй хүн металлургийн том төслийг хэрэгжүүлж чадна гэдэг лөөлөө байлгүй.

эх сурвалж: news.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.