Хүлэгү хааны зуны ордны туурийг илрүүлжээ

 Хүлэгү хааны зуны ордны туурийг илрүүлжээ

Монгол Улсын Их сургууль болон Турк Улсын Измир хотын Катип Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид хамтран Турк улсын Ван мужид хайгуулын ажлыг өнгөрсөн сард хийжээ.
Судлаачид урт нь 25 км, өргөн нь 13 км талбайд хайгуул хийж, Ил хаан Хүлэгүгийн байгуулсан Аладагийн зуны ордны олж илрүүлсэн байна. Энэхүү ордон нь 1261-1265 оны хооронд байгуулагдаж, Лавтай сагут буюу Лавтай суух газар хэмээн монгол нэрээр нэрийджээ.
Турк улсын Ван муж нь бэлчээр ус сайтай, өндөр уулсаар хүрээлэгдсэн сайхан бүс нутаг байсан учраас ийнхүү Ил хаан Хүлэгү сонгон суурьшсан бололтой. Судлаачид энэ хайгуулаас ордын дээвэр туурганаас эхлээд эдэлж хэрэглэж байсан ваар сав, уйгарын үеийн хаад ноёдын захиалгаар хийдэг байсан шаазан эдлэл, чулуун ханан дээрх баатар эрийн дүрс бүхий сийлбэр гэхчлэн судалгааны үнэт олдворуудыг олж илрүүлжээ.
Аладагийн энэхүү зуны ордон нь 1200Х1200 метр талбай бүхий агаад ордонд томоохон их хуралдай тогтмол болдог байв.

Монгол Улсын архелогчид анх удаа гадаад улс оронд ийнхүү хайгуулын ажил хийсэн нь онцлог агаад түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал юм.
Энэхүү хайгуулын ажлыг зохион байгуулахад УИХ-ын дарга Г.Занданшатар дэмжлэг үзүүлснээр хоёр улсын судалгааны багийнхан судалгаагаа саадгүй үргэлжлүүлэн түүхийн хосгүй баримтыг ийнхүү олж илрүүлжээ.
Монгол Улсын Их сургууль болон Турк Улсын Измир хотын Катип Челеби их сургуулийн хамтарсан багийн Түрэг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Анхбаяр , Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор, археологич А.Энхтөр, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, Түүхийн ухааны доктор Ю.Болдбаатар, Түүхч, Хятад судлаач, доктор Б.Энхчимэг нар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, талархал илэрхийллээ.
Анх эрдэмтэн түүхч Д.Анхбаяр Турк улсад суралцаж байхдаа 10 гаруй жилийн турш эртний перс, армени зэрэг хэд хэдэн хэл дээрх түүхэн сурвалжуудыг мөшгөн сурвалжилж, Хүлэг хааны зуны ордны туурь байгааг олж тогтоон хайгуулын ажлыг ийн эхлүүлсэн байна.
Одоо нээлтийг олон улсын төвшинд баталгаажуулах ажил хүлээгдэж байгаа ажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.