“Цолны батламж олгохгүй, шууд цолыг нь олгоно”

 “Цолны батламж олгохгүй, шууд цолыг нь олгоно”

Баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр /2022.07.04/ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Наадмын тасалбар дамлан зарагдаж байна. Үүн дээр хяналт тавьж байна уу?

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.БААТАРХҮҮ:

-Сошиалаар наадмын билет 400 мянган төгрөг гэсэн мэдээлэл явж байна лээ. Цагдаагийн байгууллагаас үүнийг шалгаж байна. Нэг хүнд хоёр билет, зогсоол нэг гэсэн байдлаар худалдаалсан. Тагнуулаас билет борлуулалт дээр хяналт тавьж ажилласан. Цагдаагийн байгууллага шагийн билет эсэхийг нь тодруулах байх.

Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган хүний суудалтай. Улаанбаатар хотын хүн амын 0.7 хувь гэсэн үг. Тиймээс нээлттэй цахимаар борлуулсан.

eNaadam.mn гэдэг илүү зардал байсан юм биш үү?

-Энэ сайт цаашид наадмаар ашиглагдана. Соёлын яамнаас энэ сайтыг хариуцаж байгаа юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд энэ сайтыг хийж өгсөн. Цахим хандалтын ачаалал даах асуудал байгаа учир энэ компанийг сонгосон. Билет борлуулалтын үед хоёр сая хандалт ирсэн. Энэ үед хандалт нь унаагүй.

-Хуультай холбоотой мэдээллүүдийг өгөөч?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:

-Тодорхой заалтууд өмнөх хуульд байсныг энэ жил шинээр баталсан. Энэ жил наадмыг төрийн байгууллагуудын оролцоотой хийнэ. Цаашдаа мэргэжлийн холбоод нь зохион байгуулах талаар яригдаж байна. Хурдан морин дээр хүүхдийн асуудал, стандартыг зохицуулсан. Энэ жилдээ шилжилтийн журмаар уралдана. Бөхийн тухайд 24-25 гадаад бөх барилдахаар хүсэлтээ ирүүлсэн. Баяр наадмаар иргэншлээр ялгаварлах байдал байх учиргүй тул хүсэлтийг нь хүлээн авна.

Нэгийн даваанд цол дуудах асуудлын тухайд дөрөв, эсвэл тавын даваанд дархан аварга цолтон зодог тайлахаар болсон тохиолдолд ёслолын арга хэмжээ зохион байгуулж, цолыг нь дуудъя гэж байгаа юм.

Улсын арслан цолтноос доош цолтон түрүүлбэл аварга цол хүртэнэ. Аварга цол авах хүн заавал түрүүлсэн байх ёстой. 1024 бөхийн барилдаанд хоёр үзүүрлэсэн бөх чимэг л авна. Дөрвийн даваанаас эхлэн допингийн шинжилгээ авна. Цолны батламж олгох байсныг болиулж, уламжлалт байдлаар буюу цолыг нь долдугаар сарын 12-нд олгоно. Хэрэв допингтой нь нотлогдвол Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зарлигтаа өөрчлөлт оруулан, цолыг нь хурааж, унасан бөхчүүдэд нь нөхөн олгоно.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.ГАНХУЯГ:

-Хууль дүрэмд заасны дагуу баяр наадам эхлэхээс гурав хоногийн өмнө дэд хороо хурдан морийг бүртгэнэ. Тиймээс уяачид долдугаар сарын 7-ноос 9-ний өдрүүдэд ирж, морио бүртгүүлэх хэрэгтэй. Энэ жил сэрвээний өндрөөр морийг хэмжинэ. Таван эгнээгээр морийг явуулна. ЛЕД дэлгэцээр морьдын хэмжээс, мэдээллийг лайв байдлаар дамжуулна. “NTV”, Үндэсний телевиз үүнийг дамжуулна. Лайв хадгалагдана.

-Хоол цайны зөвшөөрөл, бие засах газрын асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.БААТАРХҮҮ:

-Наадмын үеэр төв цэнгэлдэх, Хүй долоон худагт үйлчилгээ явуулах зөвшөөрлийг Ulaanbaatar.mn сайтаар авсан байна. Энэ жил иргэнд бус зөвхөн аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл өгнө. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Нийслэлийн захирагчийн ажлын албаны хүнс үйлдвэр үйлчилгээний хэлтэс үүнийг хариуцаж байна. Бие засах газрыг төв цэнгэлдэх, Хүй долоон худагт шинээр нэмж байна. Тохижилтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Төв цэнгэлдэхийн гаднах зам талбайг засч, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн. Мөн дотор нь засвар хийх шаардлагатай. 8-9 жил болсон сандлуудыг энэ жил сольж байна. Санхүүгийн мэдээлэл нь надад алга.

-Төв цэнгэлдэхийн хувь эзэмшигчээс хөрөнгө гарсан уу?

-Бага хэмжээний мөнгө гарч байгаа гэж ойлгож байна. Улсын төсөвт наадамд зориулан хоёр тэрбум 350 сая төгрөгийн төсөв батлагдсан. Энэ хүрээнд ажил хийгдэж байгаа байх.

-Гадаадын хэчнээн жуулчин баяр наадмын нээлтийг үзэх вэ?

-Жуулчдад зориулсан билетийг Нийслэлийн аялал жуулчлалын газраар дамжуулан оператор, тур компаниудад олгож байна. Гэхдээ зүгээр олгохгүй. Яг наадмаар ирэх тийз, захиалгатай нь тулгаж байна. Жуулчдын тоо өндөр, бүгдэд нь хүрэхгүй байх нөхцөл үүснэ.

-Жуулчдад яагаад өөр үнэтэй худалдаалж байгаа вэ?

-Билетийн орлогоор эргээд баяр наадмыг санхүүжүүлэх зохион байгуулалтад оруулдаг. Жуулчдын билет өндөр байдаг жишгээр нь оруулж байгаа юм. Хүрэлцээ бага, хэрэгцээ их байгаа учир л ийм байдлаар үнийг нь тогтоосон.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.