Д.Ганбат АН-ын бүлгийг тараах шийдвэр гаргалаа

 Д.Ганбат АН-ын бүлгийг тараах шийдвэр гаргалаа

Ардчилсан намын удирдлага болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийг тараах шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргасан талаар мэдэгдлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Ц.Оюундарь:

-2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Украины эсрэг өдүүлсэн эзлэн түрэмгийллийг Монголын Ардчилсан нам анхнаасаа дэлхийн хамтын нөхөрлөлийн орнуудын нэгэн адил эрс шийдэмгий буруушаасаар ирсэн билээ. 21-р зуунд улс төр, дипломатын олон арга, хэрэгслийг үл тоон олон мянган жирийн иргэдийн амь насыг хохироон дайн хийсэн явдлыг зөвтгөх үндэс өчүүхэн ч үгүй бөгөөд энэхүү түрэмгий дайн нь дэлхийн II дайнаас хойш манай дэлхий дээр хамгийн том хүмүүнлэгийн хямралыг дагуулж байгаад Ардчилсан нам гүнээ харамсч, энэхүү хямралыг даван гарахад Монгол Улс идэвхтэй оролцох ёс зүйн үүрэгтэй гэж үзэн Монгол Улсын Засгийн газарт сөрөг хүчний хувиар олон удаа шаардлага тавьж байсан билээ. Өнөөгийн УИХ, Засгийн газрыг Монгол Улсын шинэ Үндсэн хуульд заасан ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолын бие даасан байдлын тунхаглалаас өмнөх 70 шахам жилийн диктатурыг социнтерн заавраар хэрэгжүүлж ирсэн коммунист угшилтай намын үнэмлэхүй олонхи бүрдүүлсэн бөгөөд түүхээр нь авч үзвэл 100 жилийн өмнө энэ намыг Оросын коммунист большвек нам гардан байгуулж байсан түүхтэй. Тиймээс дайнтай холбогдуулан үзэл бодлоо илэрхийлсэн Ардчилсан намын гишүүдийг болон ОХУ-ын түрэмгий дайныг эсэргүүцсэн Монгол Улсын иргэдийг тохуурхан Венийн конвенцоор хүлээсэн үүргээ уландаа гишгэж, элдэв мэдэгдэл гаргасан ОХУ-ын Элчин сайд Азизовт Монгол Улсын өнөөгийн Засгийн газар, УИХ Үндсэн хуульд заасан зарчмаа даган зохих анхааруулгыг өгч чадаагүй. Засгийн газрын энэ байдлыг Ардчилсан нам удаа дараа шүүмжилж, энэ байдал нь НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Монгол Улсын нэр хүндэд ихээхэн хохиролтой болохыг сануулж, сөрөг хүчний байр сууриа зоригтой хамгаалж ирсэн. Гэтэл Ардчилсан намын гол индэр болсон парламент дахь бүлгийг түйвээх асуудлыг МАН, Монгол дахь Путины засаглалын гар хөл болсон Х.Баттулгын 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэн Ардчилсан намын дотор шургуулсан долоон гишүүнтэй үгсэн хуйвалдаж ямар ч яаралтай горимын заалтгүй байхад УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд шийдэж байгаа нь ирэх долоо хоногт болох ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровын айлчлалд барьж буй  МАН болон Х.Баттулга нарын хамтын бэлэг гэж Ардчилсан нам үзэж байна. 1990 оны ардчилсан хувьсгалаар олж авсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрхэм ариун үүргийг Ардчилсан нам 32 дахь жилдээ туйлштай хамгаалж байгаа бөгөөд дээрх үнэт зүйлсүүдээ Оросын гар хөл болсон улсуудад халдахгүй хамгаалах үүднээс УИХ дахь Ардчилсан намын бүлэгт шургуулсан тоглоомын бүлэглэлийг албан ёсоор тарааж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Та бүхэндээ Ардчилсан намын удирдлагын зөвлөлийн тогтоолыг танилцуулъя. Бүлэг тараах тухай. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.4 дэх заалт, Ардчилсан намын үндсэн дүрмийн тавдугаар бүлгийн 5.17.7, зургадугаар бүлгийн 6.1, 6.2.4, 6.2.6 дахь заалтуудыг үндэслэн  удирдлага болгох нь. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат нь бүлгээс гарах өргөдлөө өгөх болсонтой холбогдуулан үлдсэн гишүүдийнх нь тоо УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан тооны хязгаарт хүрэхгүй болсон тул 2022 оны долдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийг дуусгавар болгосугай. Хоёрт, бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгосон талаарх албан ёсны шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэхийг Ардчилсан намын удирдлагад даалгасугай. Энэ шийдвэр гарах болсон шалтгаан нь эрх баригч нартай холбоотой. Бид МАН-ын тавьсан жүжгийн дагуу тоглохгүй. Тавилттай жүжигт орж тоглодог нь бид нар биш. Ард түмний амьдралаар тоглож дуусч буй эрх баригчдын өвөрт орж буй үнэт зүйлс, зарчим, итгэл үнэмшлээ худалддаг нам нь Ардчилсан нам биш. Цаашдаа манай хэсэг нөхдүүд эрх баригчдын тоглоом болвол зарчим, үнэт зүйлсээсээ ухарч буй үйлдэл. Бид нар өөрсдийн дүрэм, үзэл баримтлалтай нам гэдгийг анхааруулъя.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-УИХ-ын дарга Г.Занданшатар танаа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсныг мэдэгдэх тухай. УИХ –ын гишүүн Д.Ганбат нь 2022 оны зургадугаар сарын 20-ны өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарсан. Ардчилсан намаас 2022 оны тавдугаар сарын 11-ны өдрийн бүлэг байгуулсан намын шийдвэрийг баталгаажуулсан тогтоолоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно гэж заасан. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо энэ хуулийн 31.1-д заасан тооны доод хязгаарт хүрэхгүй болсон тохиолдолд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохоор тус тус заажээ. УИХ-ын тухай хуульд заасан бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох үндэслэл нэгэнт бүрэлдсэн тул УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсныг үүгээр мэдэгдэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар танаа, мэдэгдэл. УИХ-ын гишүүн Д.Ганбат миний бие УИХ дахь Ардчилсан намын бүлгээс албан ёсоор гарч буйгаа үүгээр мэдэгдэж байна. Үндсэн хуульт ёсыг гажуудуулж, хууль бус аргаар УИХ-д суудалтай нам эвслийн бүлгийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хутгалдан оролцох нөхцөл бүрдсэн тул цаашид ардчиллын үнэт зүйл, Ардчилсан намын үзэл баримтлалын төлөө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаанд оролцон хэрэгжүүлэх боломжгүй гэж учир байгаа тул ийнхүү намын бүлгээс гарч буйгаа мэдэгдэж байна. Эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатар та, миний энэхүү шийдвэрийг УИХ-ын тухай хуулийн 38.1-д заасны дагуу УИХ-ын нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно уу. Хэт олонхоос бүрдсэн Ардын нам улс орны амьдралыг үнэн доройтуулж, маш тэсэхгүй хүнд бэрхшээлд орсон байна. Өнөө өглөө л гэхэд бензин шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Өнөөдрийн цалин пүнлүү юмны үнэ, байгаа байдал тэсэхгүй хүнд болсон байна. Ингээд УИХ дахь Ардчилсан намын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй МАН-ын тоглоомын бүлэг мөн Ардчилсан намаас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүний савар, хумс төдийн үйл ажиллагаа явуулж буй тул энэхүү шийдвэрийг гаргалаа. Хуулийг хүн бүр биелүүлэх ёстой. Гэтэл МАН-ын 62 болон тус намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга зэрэг хүмүүст хууль үйлчлэхгүй байна. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд ийм шийдвэр гаргалаа.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

-Өнөөдөр долдугаар сарын 1. Одоогоос олон жилийн өмнө энэ өдөр Монголын түүхэнд эмгэнэлтэй үйл явдал болж байсан. Өнөөгийн эрх баригчдын тухай үеийн сонгуулийн үйл ажиллагааг луйвардсан, будилаантуулсантай холбогдуулан ард иргэдийн жагсаал болж, энэ жагсаалыг хүчээр тарааж, хүч хэрэглэсний улмаас сайхан таван залуу амь насаа алдаж, олон арван залуучууд эрүүл мэндээрээ хохирсон. Төсвийн 11 тэрбум төгрөгөөр өнөөгийн эрх баригчдын байрыг барьж байлаа. Энэ хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэсэн эрх баригчдын увайгүй үйлдлийг эсэргүүцэж, олон улсын дайн тулаан болж буй үед бид шударга ёсны талд, олон улсын хамтын нийгэмлэгийн энхийг барьж байгаа талд зогссон. Энэ үйл явдлаас болж хэт олонхийг бүрдүүлж байгаа эрх баригчид хэт цөөнхийг бүрдүүлж буй бүлгийн үйл ажиллагаанд хутгалдан оролцож тэдгээрийн бүлгийг самрах гэсэн бусармаг үйл явдлыг дэмжиж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хэт цөөнхийн бүлгийг тараах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа учир Ардчилсан нам ийм үйл явдлын оролцогч байхгүй гэдгээ мэдэгдэж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.