Засгийн газар Д.Эрдэнэбилэгтэй хийх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэлцлээ эхлүүлжээ

 Засгийн газар Д.Эрдэнэбилэгтэй хийх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэлцлээ эхлүүлжээ

Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаан болсон. Үүгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлыг хэлэлцжээ.

Тодруулбал, энэ асуудлаар “Монголын зэс корпораци” ХХК-тай хэлцлийг хэрхэн хийх талаарх агуулга хэлэлцэгдсэн байна. Ингэхдээ хэлэлцээний ширээний ард суух тодорхой хувилбарыг дэмжиж, холбогдох тогтоолыг төслийг баталсан гэх мэдээлэл байна.

2021 оны арванхоёрдугаар сард Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан баг Д.Эрдэнэбилэгийн талтай уулзаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьд холбогдох 1.1 их наяд төгрөгийг тодорхой зээлүүдэд суутган тооцох саналаа илэрхийлсэн байдаг. Үүнд Хөгжлийн банкны зарим зээлүүд нэрлэгдэж байсан.

Харин Хөтөлийн цемент, шохой болон Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр өрнөсөн үйл явдлууд нь хэлцлийн энэ хувилбарын тухайд тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд байв. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар дээр дурдсанаар өөр, шинэ хувилбарыг хэлэлцэн, тохирсон гэж ойлгогдож байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын талд оруулж ирсэн “Монголын зэс корпораци” ХХК-ийн тухайд хэлцэл хийх хүсэлтээ бичгээр хэд хэдэн удаа илэрхийлсэн байдаг. Харин энэ шинэ мэдээллээр, Засгийн газар уг хувилбараар Д.Эрдэнэбилэгийн талтай ойлголцолд хүрсний үндсэн дээр уг хэлцлийг эхлүүлсэн дүр зураг харагдаж байна.

Нэг жил орчим үргэлжилсэн Оюу толгойн хэлэлцээгээр Засгийн газар тодорхой үр дүнд хүрсэн. Хөрөнгө оруулагч талтай Дубайн гэрээг цуцлах, 34 хувьд ноогдох өрийг тэглэх зэрэг хэд хэдэн заалтыг үзэглэж чадсан. Урт хугацаандаа эдийн засгийн хүнд нөхцөлүүд угтах энэ цаг үед гадаад, дотоодын нөлөө бүхий хөрөнгө оруулагчидтай байр сууриа нэгтгэх нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд зөв алхам байж болох юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.