Өвөлжилтийн бэлтгэл хангах, санал солилцох, зөвлөлдөх уулзалт боллоо

 Өвөлжилтийн бэлтгэл хангах, санал солилцох, зөвлөлдөх уулзалт боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК-ийн төлөөллүүд хамтран 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Тус уулзалт нь ирэх өвөл нийслэлчүүдийг өнтэй, дулаахан өвөлжүүлэх бэлтгэл ажлын явцтай танилцах, чиглүүлэх, сайжруулсан шахмал түлш борлуулагч, түлшний тээврийн компаниудын саналыг сонсох, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, тулгарч буй бэрхшээлийг ярилцах, санал бодлоо солилцож, зөвлөлдөх зорилготой.

Уулзалтыг нээж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Нийслэлчүүдийг өнтэй өвөлжүүлэх бэлтгэл ажил, тулгарч болзошгүй асуудлуудыг одооноос ярилцаж, шийдвэрлэх хэрэгтэй” хэмээн онцоллоо. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд нар 2022-2023 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлт, тээвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрийн дарга Ж.Лүн-Уул Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн техник болон технологийн горим, тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал Хэрэглэгчдийн зуухны нөхцөл байдлын тухай танилцуулгыг уулзалтад оролцсон төлөөлөгчдөд хүргэлээ.

Зөвлөлдөх уулзалтад яам, агентлаг, холбогдох газрын удирдлагууд, сайжруулсан шахмал түлшний тээврийн компаниуд, сайжруулсан түлшний борлуулагч, хяналтын ажилтнууд зэрэг нийт 300 гаруй төлөөлөл оролцсон юм.

НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.