С.Нарангэрэл: 1992-1996 оны парламент Шинэ Үндсэн хуулийг “амь” оруулж байлаа

 С.Нарангэрэл: 1992-1996 оны парламент Шинэ Үндсэн хуулийг “амь” оруулж байлаа

Байнгын ажиллагаатай парламентын засаглалтай болсны 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн асан, академич С.Нарангэрэлтэй ярилцлаа.

-1992-1996 оны УИХ-д та гишүүнээр сонгогдон ажилласан. Ямар онцлогтой парламент байв.  Ямар хуулиудыг баталж, хэрэгжүүлж ажиллав.  Энэ талаар яриагаа эхэлье?

-1992 онд баталсан анхны Үндсэн хуулийн дагуу эмхлэн байгуулсан УИХ-ын бүрэлдэхүүнд орж ажилласандаа талархаж явдаг. 1992-1996 оны УИХ-ыг цөөн үгээр тодорхойлбол, дахин хэзээ ч  давтагдашгүй парламент гэж хэлнэ.  Бүрэлдэхүүнд орж ажилласан хүмүүсийн хувьд ч чанар чансаа өндөртэй, их туршлагатай, ёс зүйтэй гишүүд байсан.  Насны хувьд ахмад, дунд үе, залуучууд орсон.  Эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй. Бас нэг чухал зүйл нь тухайн үеийн сөрөг хүчний гол гол хүмүүсийг багтаасан ийм парламент байлаа.   Энэ бүрэлдэхүүнээрээ бид 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг “амьд” Үндсэн хууль болгох тэр үйл ажиллагааг гардан зохион байгуулсан. Тухайн үед дагаж мөрдөж байсан бүх хуулийг  шинэ Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлал, агуулгатай нийцүүлэх ийм нэр хүндтэй, хариуцлагатай ажлыг бид хийж байв. Монгол Улс нийтээрээ ажлын зургаан өдөртэй байлаа.  Парламентын хувьд ажлын өдрүүдэд өглөөнөөс эхлээд шөнө дөл болтол хуралддаг. Гишүүд хуулийнхаа төсөл дээрээ яс сууж, үг өгүүлбэр бүрээр нь хэлэлцдэг байлаа.  Ингэхдээ улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж өндөр ёс зүйгээр асуудалд хандана. Ганцхан жишээ дурдахад, тухайн үед гишүүдийн цалин нэмэх тухай асуудал парламентад орж ирэхэд олонх нь дэмжээгүй, буцаасан юм даг.   “Бид  өндөр цалин авах гэж, төрийн хангамж эдлэх гэж энд суугаагүй.  Улс эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахаар тангараг өргөсөн хүмүүс” гээд халгаагаагүй. 

-Та дахин давтагдашгүй парламент дүгнэсэн байна. Бүрэлдэхүүний талаар тодруулахгүй юу?

-Хожмоо Монгол төрийн хамгийн хариуцлагатай хүнд алба болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс энэ парламентад анх сонгогдож байсан. Мөн Б.Чимид багш, Ц.Намхайнямбуу, Б.Лхагвасүрэн, Н.Жанцанноров,  Ч.Хурц гээд арав орчим Хөдөлмөрийн баатар эндээс төрсөн. Нийгмийн шилдэг зүтгэлтнүүд энэ парламентад мөн багтаж байлаа.  Яах аргагүй л дахин давтагдахгүй, дараа дараагийн парламентад үлгэр дууриал болсон ийм бүрэлдэхүүн байлаа. 

-Шинэ Үндсэн хуулийг “амь оруулж”,  дагалдах хуулиудыг мөн баталсан онцлогтой парламент гэж та хэллээ.  Хууль батлахдаа ямар зарчим, ёс зүй баримталж ажилласан бэ?

-Бүх хууль тогтоомжоо Үндсэн хуульдаа нийцүүлж баталж чадвал улс орон маань тогтвортой, ард иргэд амар амгалан, аз жаргалтай амьдарна гэдэгт бат итгэсэн гишүүд байлаа. Энэ агуулгыг зарчмаа болгож ажилласан. Тэр ч утгаараа бид  хууль боловсруулах, батлах үйл ажиллагаанд цаг заваа зарцуулжээ. Гэтэл хууль бол хооллож ундлахгүй, хувцас болохгүй тийм зүйл юм.  Энэ талаас нь харахад бидний үеийн нэг алдаа нь баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг сахин, үр дагавар нь ямар байна гэдэг асуудалд анхаарах байжээ гэж одоо харж суудаг.

-Та аль тойргоос сонгогдож гишүүн болж байсан бэ?

-1992 оны парламентын сонгууль томсгосон тойргоор явагдсан. Улсын хэмжээнд 26 тойрогтой.  Би нийслэлийн 25 дугаар тойргоос сонгогдож байлаа. Энэ тойрогт Баянгол дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар дүүргийн зарим хороо, Сонгинохайрхан дүүргийн нэг хэсгийн сонгогчид багтдаг, дөрвөн мандаттай их том тойрог.  Тэр тойрог дээр 50 орчим хүн нэр дэвшээд дөрвөн хүн олонхийн санал авч парламентын гишүүн болж байсан. Намын мөрийн хөтөлбөрөөр л сонгуульд оролцож байсан даа.

-Та хууль эрх зүйн салбарын олон хууль тогтоомжийг гардан батлуулсан.  Тэднээсээ онцлохгүй юу?

-Би парламентад байхдаа олон хуулийн төсөл дээр суусан даа. Гэхдээ гол төлөв захиргааны зөрчил, гэмт хэрэг, хууль сахиулах  байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулах энэ чиглэлд нэлээд хуулийн төслийг санаачлан батлуулж ажилласан. Ер нь парламентын гишүүн хүн хэлэлцэж байгаа хуулийн төслийг сайн судлахгүйгээр хуулийн эерэг болон ирээдүйд гарах сөрөг үр дагавар нь юу байж болох гэдгийг харахгүйгээр санал өгөх их төвөгтэй.  Тэр үеийн УИХ-ын гишүүдийн нэг онцлог нь хуулийн төсөл болгоныг нэг бүрчлэн уншиж танилцаж байж өөрийн гэсэн санал дүгнэлтийг хийдэг байлаа. Хэдийгээр тухайн үед цөөнхийн бүлэг таван гишүүнтэй байсан ч олонх дотроо сөрөг хүчний байр суурийг хүчтэй илэрхийлдэг байсан.  Тухайлбал,  1993 онд Монгол Улсын Эрүүгийн хуульд Үндсэн хуульд нийцүүлэх зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлтийг би дангаараа боловсруулаад УИХ-д барьсан. Зөвхөн тэр төслийг парламент бараг нэг сар орчим хэлэлцэж баталсан.  Зүйл болгоноор нь хэлэлцэж, санал хурааж баталсан даа. 

-1992-1996 оны парламентад сөрөг хүчний дуу хоолой хэр хүчтэй байсан бэ?

-Сөрөг хүчнээс таван гишүүн сонгогдож байв. Тэр дундаас  Р.Гончигдорж гишүүн их идэвхтэй.  Заримдаа бүр цаг наргүй ярина. Гишүүний дэгээ ч барихгүй. Бид санал шүүмжлэлийг нь хүлээж авна. Ер нь сөрөг хүчнээ хүндэтгэж  дуу хоолойг бүрэн сонсдог  парламент байлаа. Тэр үеийн гишүүд маань ч өндөр ёс зүйтэй.  Ёс зүйн ноцтой алдаа зөрчил дутагдал гаргасан гишүүн байсангүй. Ямар нэгэн хувийн амбицдаа эрх мэдлээ  урвуулан ашиглаж байсангүй. Тэр битгий хэл парламентын ордноос хол амьдардаг гишүүд маань нийтийн унаагаараа зорчдог байлаа.  Гишүүний туслахын орон тоо ч гэж байсангүй. Харин одоо нэг гишүүний ард бүхэл бүтэн аппарат ажиллаж байна. УИХ-ын гишүүний эрх ямба, өртөг зардал ч хэдэн зуу дахин нэмэгдсэн байна.

-Та 1996 оноос хойш сурган хүмүүжүүлэх салбарт ажиллаж байна.  Мөн хууль зүйн салбарт судалгаа шинжилгээний ажил хийж байна. Энэ бүх ажлын тань гол дүгнэлт, агуулга юу байв?

-Миний судалгааны ажлын гол чиглэл бол нэгдүгээрт, ёс суртахуун, хуулийн харилцан уялдаа холбоо, тэдний аль нь тогтвортой шинжийг агуулдаг болох тухай юм даа.  Мөн хууль зүйн нэр томъёо судлалын чиглэлээр нэлээд олон бүтээл туурвисан.  Энэ бүхний дараа нэгэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Хууль бол  хүмүүний ёс суртахууны эрхэм нандин харилцаа, шударга ёс, нинжин сэтгэл, эс шунахуй,  нэр төр, жудаг, эв эе, тэсвэр тэвчээр, үнэн гэсэн эрхэм чанарыг хамгаалж бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг механизм байна. Тэгэхээр хууль тогтоомжийн амин сүнс нь эргээд л нөгөө хүний ёс суртахуун дээр ирж байгаа юм. Ингээд бодохоор хууль бол ердөө ёс суртахуун.  Хууль тогтоогчид маань үүнийг л бодож ажиллаасай гэж хүсдэг.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.