ЭЕШ-д гар утас авч орсон хоёр, өөрийнхөө оронд өөр хүн оруулахыг завдсан дөрвөн зөрчил илэрсэн

 ЭЕШ-д гар утас авч орсон хоёр, өөрийнхөө оронд өөр хүн оруулахыг завдсан дөрвөн зөрчил илэрсэн

Элсэлтийн ерөнхий шалгалт 4 дэхь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Математикийн хичээлийн сэдэв задарсан гэх цахим сүлжээнд явагдаад буй мэдээллийн дагуу Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодрууллаа.

Цахим сүлжээнд ЭЕШ-ын математикийн хичээлийн шалгалтын сэдэв задарлаа гэх мэдээллүүд гараад байна энэ тухай тайлбар өгөөч?.

-ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь байгууллагын албаны нууцын жагсаалтад хамрагддаг бичиг баримт. Шалгалтын сэдэв даалгаврыг тусгайлан бэлтгэсэн утасгүй, интернэтгүй, бүрэн камержсан вакум орчинд цагдаагийн байгууллагын хяналтан дор боловсруулагддаг. Сэдэв даалгавар задрах ямарч боломжгүй юм.

Харин зургаадугаар сарын 25 ний өдөр авагдсан математикийн хичээлийн шалгалтад 67 дугаар сургуулийн шалгалтын байранд шалгалт өгсөн Ирээдүй цогцолбор сургуулийн хоёр шалгуулагч гар утас нууж авч орон ашиглахыг завдсан. Хянагч багш тухайн үйлдлийг таслан зогсоож ЭЕШ-ын журмын дагуу шалгуулагчдын тухайн хичээлийн дүн оноог хүчингүйд тооцсон. Мөн 5 дугаар сургуулийн багш Х нь хянагч багшаар ажиллаж байхдаа журам зөрчсөн зэрэг асуудлуудыг тухай бүрд нь холбогдох арга хэмжээ аван ажиллаж байна.

Шалгалтын журам зөрчсөн өөр үйлдэл гарсан уу?

-Баян-Өлгий аймагт 3 шалгуулагч, нийслэлийн 5 дугаар сургуулийн байранд шалгуулагч М нар нь өөрийнхөө оронд өөр хүн оруулж шалгалт өгөхийг оролдсон. Мөн Эдгээр шалгуулагчдыг ЭЕШ-ын журманд заасны дагуу тухайн шалгуулагчдын бүх хичээлийн дүн оноог хүчингүй тооцох улмаар энэ хичээлийн жилд дотоодын аль нэгэн их, дээд сургуульд элсэх боломжгүй болгох арга хэмжээг аваад байна.

Зарим шалгуулагчид харандаа, баллуурын хувьд бас гомдолтой байсан.

-БҮТ-өөс 2019 оноос эхлэн ЭЕШ-ын дүн оноог гаргахад шууд засалтын шилэн технологийг ашиглан шалгалт өгсөн даруйд тухайн шалгуулагчдын дүнг тест уншигч Scantron  машинаар уншуулан мэдээлж байгаа. Энэ тест уншигч машин нь өөрөө олон улсын стандарт шаардлагыг хангасан бусад улсуудад ашиглагддаг машин юм. Энэ машины нэг шаардлага нь тухайн хариултын хуудсыг харандаан балаар бөглөсөн байх ёстой байдаг. Үүний дагуу тест засагч машины шаардлагад нийцсэн харандаа, баллуурыг БҮТ-өөс шалгалт өгч байгаа бүх шалгуулагчдад тарааж  байгаа.

Тест уншигч машин маань илт баллаж цоолоогүй, нэг мөрөнд 2-с дээш сонголтыг зэрэг будах зэрэг асуудлаас бусдыг шууд таньж унших боломжтой байдаг. Бид хүүхдүүдийн будсан хариултын хуудсыг уншсан машинд үүссэн баазад шинжилгээ хийж үзсэн. Будалтаас шалтгаалж машин буруу уншсан эсвэл таниагүй гэдэг асуудал огт байхгүй. Тухайн шалгуулагч хариултын хуудсан дээрээ хэрхэн яаж бөглөснийг машин шууд таньж уншиж дүн оноог гаргаж байгаа.  

Шалгалтын дараа батламж хуудсаа яаж авах вэ?

-Энэ жилийн шалгалтаас эхлэн ЭЕШ-ын батламж хуудсыг цахим болгосон. зургаадугаар сарын 28-наас эхлэн өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан БҮТ-ийн сайт руу хандаж шалгуулагчийн булан хэсгээр нэвтэрч хэвлэн авна. Мөн е-mongolia системд байршуулах тул ТҮЦ машинаас хэвлэн авах боломжтой.

ЭЕШ энэ жилээс эхэлж 2 удаа зохион байгуулагдах талаар мэдээлэл өгөөч.

-БШУС-ын тушаалаар оюутан элсүүлэх журманд тодорхой өөрчлөлт оруулсан. Үүний дагуу ЭЕШ-ыг жилд 2 удаа буюу 6 болон 12 дугаар сард зохион байгуулна. 12 дугаар сарын ЭЕШ-д энэ удаагийн шалгалтад орж чадаагүй болон дүн оноогоо ахиулах хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой. ЭЕШ-ыг 12 дугаар сард дахин авч байгаатай холбогдуулан их, дээд сургуулиуд хагас жилээр элсэлт авдаг байхаар журманд өөрчлөлт оруулах ажлууд хийгдэж байна.

Шалгуулагчдад хандаж юу хэлэх вэ?

ЭЕШ бол ажил мэргэжлийн чиглэлээ тодорхойлох чухал шалгалт. Шалгалтад хамрагдаж байгаа хүн бүр хариуцлагатай, ухамсартай байж бусдынхаа ижил тэгш боломжыг алдагдуулахгүй ЭЕШ-ын журамд, дэгд заагдсаны дагуу шалгалтаддаа ном журмын дагуу хамрагдмаар байна. Үүн дээр манай багш нар болон эцэг эхчүүд анхаарал хандуулмаар байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.