“Шударга ёсны хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдаан”-ы шагналыг гардууллаа

 “Шударга ёсны хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдаан”-ы шагналыг гардууллаа

Авлигатай тэмцэх газар ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд зарласан “Шударга ёсны хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдаан”-ы шагналыг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд боловсролын байгууллага болон гэр бүлээр дамжуулан авлигыг үл  тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ  зохион байгуулах, авлигын эсрэг боловсрол олгох агуулгыг бүх шатны  боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах, зорилтот бүлэгт зориулсан сургалтын хөтөлбөр, гарын авлага  боловсруулах, авлигыг үл тэвчих үзэл, хандлагыг бий болгоход чиглэсэн сургалтыг үе шаттай зохион байгуулах зорилтуудыг тусгасан билээ.

Энэ хүрээнд шударга ёсны сэдвийг хичээлийн агуулга, хөтөлбөрт тусган баяжуулах, гарын авлага хэвлүүлэх, сургагч багшийг бэлтгэх, тэдгээрээр дамжуулж сурагч, эцэг, эхэд нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, сурагчдад шударга ёсны үзлийг төлөвшүүлэн, зөв хандлага, дадлыг бий болгон, эзэмшүүлэх зорилгоор шударга ёсны боловсрол олгох сургалтын ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах уралдааныг зарласан.

Авлигатай тэмцэх газар нь шударга ёсны боловсрол олгох 252 ээлжит хичээлийн хөтөлбөрийг мэйлээр хүлээн авч, нууцлалыг хийж кодлон эхний сонгон шалгаруулалтыг байгууллага дээр, 2 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг Боловсролын ерөнхий газартай хамтран хийсэн бөгөөд  бага, дунд, ахлах ангийн төрлөөр нийт  15 хичээлийн хөтөлбөр шалгарсан. Үүнд Нийслэлийн ерөнхий боловсролын 32, 40, 47, 72, 84, “Шинэ-Өнөөдөр”, “Эрдмийн хөтөч”, “Ирээдүй” цогцолбор ахлах сургууль, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар сургууль, Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургууль, Өвөрхангай аймгийн “Тэмүүлэл-Эрдэм”, Увс аймгийн Бөх мөрөн сум, Хөвсгөл Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нар тус тус шалгарсан байна.

Цаашид сургалтын хөтөлбөртэй уялдуулан шударга ёсны агуулгыг тусгаж өгснөөр сурагчдад шударга ёсны хэм хэмжээ хандлага төлөвшүүлэх, шударга ёс, авлигаас ангид байх сэдэв, дасгал ажлуудыг тасралтгүй судлах боломжийг нээж, хүүхдийн шударга байдлын түвшин нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг шат дараатай зохион байгуулах, 2022 оны хичээлийн шинэ жил эхлэхээр шалгарсан хөтөлбөрүүдийн зураг авалтыг хийж,  олон нийтэд лайв хэлбэрээр болон телевизээр хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.